Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Цаазын ял сонсож байсан загалмайн шашинт эмэгтэй Пакистанаас Канадад цагаачилжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Исламын шашныг доромжилсон хэргээр цаазын ял сонсоод найман жил шоронд хоригдож байсан загалмайн шашинт эмэгтэй өчигдөр Пакистанаас Канадад цагаачлан ирж, гэр бүлтэйгээ нийлжээ.

Ромын католик шүтлэгтэй тариачин эмэгтэй Асиа Бибиг 2009 онд бусадтай маргалдаж байхдаа гэгээн Мухаммедыг доромжилсон үг хэлсэн хэмээн тосгоных нь Исламын шашинтнууд мэдээлсний дараа шоронд хорьж, бурхныг доромжилсон хэрэг тулган цаазын ял оноож байв.

Улмаар найман жил хоригдсоных нь дараа өнгөрсөн оны сүүлээр Пакистаны дээд шүүх түүний хэргийг цагаатгасан юм. Гэвч Пакистаны экстремистүүд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлжээ. Дээд шүүхийн шийдвэр гарсан аравдугаар сарын 31-ний өдөр исламистууд Исламабад, Карачи зэрэг том хотуудад жагсаал хийж, зам хаан, цагдаа нар руу чулуу нүүлгэж байв.

Ийнхүү Асиа Биби шоронгоос суллагдсаны дараа тайван амьдрах боломжгүй болжээ. Канад улс түүнд иргэнээ болгох санал тавьсан ч Пакистаны эрх баригчид явуулалгүй хорьсоор байсан нь нийгмийн бухимдлаас болгоомжилсон хэрэг байв. Түүний хүүхдүүд өнгөрсөн оны сүүлээр Канадад очсон юм.

Асиа Бибиг өмгөөлөгчдийн дотроос хамгийн өндөр албан тушаалтан болох Пунжаб мужийн захирагч Салман Тасер 2011 оны нэгдүгээр сард бие хамгаалагчийнхаа гарт алагдсан байна.

Тухайн үед тэр Бибид өршөөл хүсэхээр Пакистаны ерөнхийлөгчид хандах гэж байсан юм.

Тасерыг ойрын зайнаас 27 удаа буудаж хөнөөсөн Малик Мумтаз Хуссайн Кадри гэгч 2016 онд цаазлуулсан байна.

Мөн Асиа Бибиг хамгаалж байсан Пакистаны шашны цөөнхийн хэргийг хариуцсан сайд Шахбаз Бхатти 2011 оны гуравдугаар сард Талибаны хөдөлгөөнийхөнд алагдаж байжээ.

Бурхныг доромжилсон хэрэгт ял оноодог хуулийг өөрчлөхийн төлөө тэмцэж байсан Бхатти нь Пакистаны сайд нарын дотор ганц загалмайн шашинтан байсан бөгөөд өөрийнхөө үхлийг урьдчилан тааж, гэрээслэлээ үлдээгээд байсан гэдэг.

Исламын шашныг доромжлох гэмт хэрэг нь ихэнхдээ баттай баримт нотолгоогүй байдаг бөгөөд иргэд өөрийн дураар гэмтнийг шийтгэх явдал Пакистанд түгээмэл байдаг. 

 

Эх сурвалж: The Guardian