Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

У.Цэвэгмид: Астмыг эрт оношилж илрүүлэх үндэсний хэмжээний судалгааг ЭХЭМҮТ-өөс эхлүүлээд байна

Г.Номин, iKon.mn
2019 оны 5 сарын 2
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Хүүхэд насанд Астма өвчнийг эрт илрүүлэн эмчилж, насанд хүртэл нь хянах үндэсний хэмжээний судалгааг ЭХЭМҮТ-өөс эхлүүллээ.

Монгол Улсад сүүлийн 25 жилд хүүхдэд тохиолдох астмын талаар судалгаа хийгдээгүй, түүнийг эрт илрүүлэн оношлох, эмчлэх, хянах тогтолцоо бүрдээгүй байгааг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх Поликлиникийн эрхлэгч У.Цэвэгмид хэлж байв.

Тиймээс ЭХЭМҮТ-өөс хүүхэд насанд астмыг эрт илрүүлэн оношлох, эмчлэх, хянах зорилготой үндэсний хэмжээний судалгааг 2019-2021 онд хэрэгжүүлэхээр эхлүүлсэн байна.

Астма буюу гуурсан хоолойн багтраа нь янз бүрийн хүчин зүйлсийн нөлөөгөөр гуурсан хоолойн мэдрэгжил ихэссэнээр салст бүрхэвч хавагнаж, салс их ялгарч, гөлгөр булчин хүчтэй агшсанаас болж агаар дамжуулах зам бүхэлдээ нарийсан дахин дахин бөглөрч амьсгал багтрах шинжээр илэрдэг дахилтат явцтай харшлын гаралтай архаг үрэвсэлт эмгэг юм.
 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн У.Цэвэгмид эмч "Астма өвчин нь өвчтөн түүний гэр бүлд нийгэм, эдийн засгийн дарамт учруулдаг архаг явцтай, халдварт бус өвчин.

Хүүхдэд астма нь хөнгөн хэлбэрээр явагддаг боловч хүнд хэлбэрээр сэдрэхэд бэлэн байдаг. Эмчилгээгүй удаан явбал гуурсан хоолойн бүтэц эргэшгүй өөрчлөгдөн эмчилгээнд үр дүнгүй болдог. Сэдрэл өгч, багтраат байдалд оруулах эрсдэлт хүчин зүйлийн нөлөөгөөр амь нас эрсдэх тохиолдол гардаг.

Тиймээс хүүхдээ өвчлүүлэхгүй байхад анхаарах нь хамгийн чухал. Үүний тулд дархлааг нь дэмжих, гурван цаг тутам хооллох, ханиаднаас сэргийлэх шаардлагатай.

Бид нэг үе астмыг зөвхөн том хүнд илэрдэг гэж үздэг байсан бол сүүлийн үед хүүхдэд их эрт илэрдэг болохыг тогтоосон. Астмыг хэдий чинээ эрт оношилж, эмчилгээгээ эхэлнэ төдий чинээ тухайн хүний урт удаан, чанартай амьдрах нөхцөлийг хангана" хэмээн ярилаа.

Судлаач Д.Малчинхүү, Н.Раднааханд нарын 1989, 1993 онд хийсэн судалгаанд хот, хөдөөгийн 8,314 хүүхэд анхан шатны үзлэгт орж, улсын хэмжээгээр хүүхдийн астма нь 1,000 хүүхэд тутамд 7 хүүхэд өвчилсөн тархалттай нь тогтоогдож байжээ.
 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ удаагийн судалгаанд оролцох аймаг, дүүргийн 60 гаруй хүүхдийн эмч нарт өнөөдөр хүүхдэд астма өвчнийг хэрхэн эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, хянах тогтолцооны талаарх мэдлэг, дадлага олгох сургалтыг ЭХЭМҮТ-д зохион байгуулж байна.

Сургалтад оролцсон аймаг, дүүргийн хүүхдийн эмч нар 0-19 насны хүүхдэд эхний үзлэгийг хийж, астматай байх магадлалтай хүүхдүүдийг ЭХЭМҮТ-д илгээнэ.

ЭХЭМҮТ-д астмыг нотлох үзлэг, шинжилгээ хийгдэж, онош батлагдсан тохиолдолд ЭХЭМҮТ-ийн диспансерийн хяналтад авч, харьяа аймаг, дүүргийн эмч нартай хамтран насанд хүртэл нь хянах тогтолцоог бүрдүүлэх юм.

Харшлын эмгэгийн хүнд хэлбэр болох астма нь дэлхийн улс орон бүрт харилцан адилгүй тохиолдож байгаа

ДЭМБ-аас XXI зууныг харшлын эрин зуун болно гэдгийг мэдэгдсэн байдаг. Харшлын эмгэг нь сүүлийн 20 жилд гурав дахин нэмэгдэж, хурдацтай тархаж байгаа нь нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн ноцтой асуудлуудыг дагуулж байна. Харшлын эмгэгийн хүнд хэлбэр болох астма нь дэлхийн улс орон бүрт харилцан адилгүй тохиолдож байгаа хэдий ч амьсгалын эрхтний архаг эмгэгийн дунд тэргүүлэх байр эзэлж байна.

Дэлхийн Астмын сүлжээ /The Global Asthma Network/ тархвар зүйн судалгаагаар дэлхий дээр 334 сая хүн астмаар өвчилсөн байдаг бөгөөд тэдгээрийн 14 хувь нь хүүхэд насанд тохиолджээ.