Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ногоон "Нобел" Монголоос тодорлоо

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Олон улс дахь нэр хүндээрээ "Нобел", "Пулицер"-ийн шагналтай дүйхүйц Голдманы байгаль орчны шагналыг Монгол Улсаас хоёр дахь удаагаа хүртлээ. Ирвэс хамгаалах сангийн захирал А.Баяржаргал өнөөдөр АНУ-ын Сан Франциско хотод энэхүү хүндтэй шагналыг гардан авжээ. 

Ирвэс Хамгаалах сан (ИХС) нь 2007 онд байгуулагдсан бөгөөд дэлхийд нэн ховор ангилалд бүртгэгдсэн цоохор ирвэс түүний идэш тэжээлийг судлах, хамгаалах зорилготой, энэхүү ажилдаа орон нутгийн ард иргэд болон, байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаачид, хувь хүмүүсийг оролцуулахад чиглүүлэн ажилладаг юм.

Ирвэс хамгаалах сан нь Өмнөговь аймгийн Гурван Тэс сум дахь Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авах үйлсийг санаачлан зургаан жилийн туршид уйгагүй хөөцөлдсөний үр дүнд 2016 онд УИХ-аас байгалийн нөөц ангилалаар улсын тусгай хамгаалалтад авч, 2017 онд Засгийн газрын шийдвэрээр хилийн цэсийг нь тогтоосон билээ.

Ирвэс хамгаалах сан нь өөрсдийн үндсэн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ  Тост Тосонбумбын нурууны тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа, аргазүйн дэмжлэг өгч ажилладаг юм. 

Голдман Байгаль орчны шагналыг 1989 онд Ричард Голдмэн, Рода Голдмэн нарын гэр бүл санаачлан бий болгожээ.  Голдманы шагналын сан 200,000 ам.доллар бөгөөд Голдманы шагналтнууд Сан Франциско, Вашингтон зэрэг хотуудаар 10 өдрийн аялалд оролцож хэвлэлийн бага хуралд хамрагдаж, улстөр, байгаль орчны удирдагчидтай уулздаг байна. 

Өмнө нь манай улсаас "Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн" ТББ-ын тэргүүн Ц.Мөнхбаяр уг шагналыг хүртэж байсан билээ.