Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хүйсний маргаантай Өмнөд Африкийн тамирчин 5,000 метрийн ангилалд аварга болжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Африкийн дундын зайн гүйлтийн тамирчин, 800 метрийн зайн хоёр удаагийн олимпийн аварга Кастер Семеня эмэгтэй төрөлд уралддаг ч эрэгтэй хүний биеийн онцлогтой гэсэн маргаан үргэлжилж байгаа.

Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоо өнгөрсөн онд зөвхөн түүнд зориулсан гэмээр журам гаргасан юм. Уг журмын дагуу 400-1,500 метрийн зайд уралдах эмэгтэй тамирчид тестостерон дааврын хэмжээгээ урьдчилж шалгуулах ёстой. Хэрвээ энэ даавар нь заасан хэмжээнээс их байвал тухайн тамирчныг эмэгтэй тамирчдын төрөлд уралдах боломжгүй, эрэгтэйлэг бие бялдартай гэж үзэн хориглох байв.

Шинэ журам өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас мөрдөгдөж эхлэх байсан ч Семеня Спортын Арбитрын Шүүхэд “бие бялдрын онцлогоор нь ялгаварлан гадуурхлаа” хэмээн давж заалдсан тул хойшлоод байгаа юм. Семенягийн гомдлыг хэлэлцсэн шүүх удахгүй шийдвэрээ зарлах гэж байгаа.

Харин 28 настай Семеня өчигдөр буюу Баасан гарагт Өмнөд Африкийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнд өөрийн огт өрсөлдөж байгаагүй 5,000 метрийн зайд түрүүлж, алтан медаль зүүжээ.

Энэ ангилал нь тестостероны дааврын үзлэгт орох шаардлагагүй байдаг.

Кастер Семеня өчигдөр тус улсын 5,000 метрийн зайн аварга Доминик Скоттоос түрүүлж, аварга болсон байна. Тэр уг зайг 16 минут, 05.97 секундэд туулжээ.

Семеняд ялагдсан Скотт тэмцээний дараа ярихдаа “Түүнийг энэ ангилалд олимпийн наадамд өрсөлдөх үгүйг би хэлж мэдэхгүй байна. Энэ өдрөөс өмнө бол би тэгэх боломжгүй гэж хэлэх байсан. Гэхдээ тэр гайхалтай тамирчин тул юу хийж чадах, чадахгүйг нь хэлэх боломж алга” хэмээн ярьжээ.

Хэрвээ Спортын Арбитрын Шүүх журмыг хэвээр үлдээх шийдвэр гаргавал Семеня ангилалаа сольж уралдах магадлалтай болсныг энэ явдал харуулж байна.

 

Эх сурвалж: BBC