Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Исламын Улс бүлэглэл Шри Ланкийн халдлагыг үйлдсэнээ хүлээн зөвшөөрлөө

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт Шри Ланка улсад гарсан цуврал дэлбэрэлтүүдийг зохион байгуулснаа Исламын Улс террорист байгууллага өчигдөр өөрийн албан ёсны AMAQ мэдээллийн сувгаар хүлээн зөвшөөрсөн байна.

Загалмайн шашинтнууд, гадаадын жуулчдын эсрэг чиглэсэн энэхүү халдлагын үеэр амиа алдагсдын тоо 321, шархдсан хүмүүсийн тоо 500 гараад байгаа. Орон нутгийн загалмайн шашны гурван сүм, дөрвөн зочид буудалд амиа золиослогчид бөмбөг дэлбэлсэн юм.

Халдлагыг Шри Ланкад үйл ажиллагаа явуулдаг исламын экстремист хоёр байгууллага гүйцэтгэсэн гэж албаныхан үзээд тэдний олон улсын террорист сүлжээн дэх хэлхээ холбоог мөрдөн шалгаж байгаа.

Эмгэнэлт явдлаас хэдхэн цагийн өмнө Энэтхэгийн тал Шри Ланкийн тагнуулынханд халдлага гарцаагүй болсныг анхааруулсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Мэдээллийн дагуу хангалттай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадаагүй хууль хүчний байгууллагын дарга нарыг огцруулах гэж байгаагаа Шри Ланкийн ерөнхийлөгч Майтрипала Сирисена мэдэгдсэн юм.

Мөн энэ удаагийн халдлага нь өнгөрсөн сард Шинэ Зеландын исламын сүмүүдэд гарсан аллагын өшөө авалт гэж Шри Ланкийн албаныхан үзэж байна.

Гуравдугаар сарын 15-нд Шинэ Зеландын Кристчөрч хотын исламын хоёр сүмд зэвсэгт этгээд халдаж, 50 хүний амийг хороосон юм. 

Өчигдөр буюу Мягмар гараг нь Шри Ланкад гашуудлын өдөр байсан бөгөөд террорист халдлагад амиа алдсан иргэдийг оршуулах ёслол болсон байна.

 

Эх сурвалж: Reuters