Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын Владивосток хот Путин-Кимийн уулзалтад бэлтгэж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалт ойрын өдрүүдэд болох төлөвтэй байна.

Уулзалт алс дорнодын Владивосток хотод болохоор төлөвлөгджээ. Өнөөдөр тус хотын Алс Дорнодын Холбооны Их сургууль хүрэх зам дагуу хоёр улсын далбааг хатгаж эхэлсэн байна.

Дипломат эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өнөөдөр Ким Жон Уны хуягт галт тэрэг Владивостокт ирэх ажээ. Орой нь Путин Ким Жон Унд хүндэтгэлийн зоог барьж, яриа хэлэлцээр маргааш үргэлжлэх гэнэ.

Пёньян, Владивосток хотуудын хооронд 1,200 орчим километр зайтай. Хотуудын хооронд төмөр замын нөхцөл байдал муу тул Ким Жон Ун нисэх онгоцоор ч ирж магадгүй байгаа ажээ.

Умард Солонгосын удирдагч Владивостокт Баасан гараг хүртэл саатна гэж эх сурвалж мэдээлсэн байна.

Владимир Путин ирэх Баасан, Бямба гарагуудад Бээжин хотод болох “Бүс ба Зам” төслийн олон улсын чуулганд оролцох юм. Айлчлалын хугацаанд Ким Жон Ун Санкт Петрбургийн алдарт Мариинскийн театрын тоглолтыг үзэж, зарим үйлдвэр, аж ахуйн газруудтай танилцаж магадгүй байна.

 

Эх сурвалж: Yonhap News