Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Мэргэжилтнүүдээ хэт урт цагаар ажиллуулахгүй байхыг Хятадын компаниудад Майкрософтын ажилтнууд уриалав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард Хятадын технологийн компанийн мэргэжилтнүүд хэт урт цагаар ажиллуулдаг бизнес практикийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн захидлыг программын эх код хуваалцдаг Github сайтад нийтэлсэн юм.

Хятадын технологийн салбарт “996” гэж нэрлэдэг ажлын горим байдаг нь өглөөний есөөс оройн есөн цаг хүртэл долоо хоногийн зургаан өдөр ажиллахыг хэлдэг.

Уг захидлын дор Хятадын 150 гаруй компанийн мэргэжилтнүүд нэгдэж, өөрсдийгөө 996 горимоор ажилладгийг баталжээ. Тэдний дотор Huawei, Bytedance (TikTok), Tencent, Alibaba зэрэг томоохон компаниудын нэр дурдагдсан байна.

Энэ явдлын дараа 996 горимоор ажиллахыг Алибабагийн үүсгэн байгуулагч Жэк Ма дэмждэгээ илэрхийлээд байгаа. Тэр залуу мэргэжилтнүүд ийм горимоор ажиллаж өөрийгөө хөгжүүлэх ёстой гэж үздэгээ Алибабагийн дотоод хурал дээр ярьсан байна.

Тэгвэл АНУ-ын Майкрософт компанийн хэсэг ажилтнууд Хятадын мэргэжил нэгтнүүдээ дэмжсэн захидлыг мөн Github сайтад нийтэлжээ. Тэд Хятадын компаниудыг өөрийн улсын хөдөлмөрийн хуулийг сахиж, долоо хоногийн ажлын цагийг 40-өөс хэтрүүлэхгүй байх, нэг сарын илүү цагийн хэмжээг 36 цагаас хэтрүүлэхгүй байхыг уриалсан байна.

“Энэ бол зөвхөн Хятадын технологийн компаниудад бус, бас Майкрософтод, цаашлаад нийт салбарынханд хамаатай асуудал. Томоохон компаниуд ажилтнуудаа өөд өөдөөс нь турхирч өрсөлдүүлэх замаар хөдөлмөрийн стандартыг сулруулж, ашиг хөөцөлддөг нь нууц биш. Хил хязгаарт баригдалгүй дэлхий даяар ажлын байрны орчин нөхцлөө сайжруулахын тулд бид нэгдэх ёстой” гэж тус захидалд бичсэн байна.

Захидалд Майкрософтын 30 ажилтан гарын үсэг зурж, бусад хүмүүсийг нэгдэх боломжтойгоор нийтэлжээ.

Сүүлийн үед АНУ-ын технологийн компаниудын ажилтнууд дотор янз бүрийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөдөг болоод байгаа. Тухайлбал хоёрдугаар сард Майкрософтын ажилтнууд тус компанийг өөрийн AR технологийг АНУ-ын армид $480 саяар нийлүүлэх гэж байгааг эсэргүүцэн гарын үсэг цуглуулж байсан юм.

2018 оны арваннэгдүгээр сард Гүүглийн ажилтнууд ажлын байраа орхиж, жагсаал хийсэн нь бэлгийн дарамтын дуулианд холбогдсон захирлыг шийтгэлгүй явуулсныг эсэргүүцэж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian