Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-д 2018 онд очиж эрүүл мэндийн үйлчилгээ авсан 380,000 жуулчны 3.7% нь монголчууд байжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

БНСУ-д өнгөрсөн 2018 онд эрүүл мэндийн үйлчилгээ авахаар ирсэн гадны иргэдийн тоо 380,000-д хүрсэн нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. 

Тус улсын Эрүүл мэндийн яамнаас гаргасан тооцооллоор сүүлийн 10 жилийн хугацаанд гадаадын нийт хоёр сая гаруй иргэн эмчилгээ хийлгэхээр БНСУ-д зочилжээ.

Үүнээс 378,967 хүн зөвхөн 2018 онд эрүүл мэндийн аялал жуулчлалаар БНСУ-ыг зорьсон нь өмнөх оноосоо 17.8 хувиар өссөн үзүүлэлт аж. Энэ тоо ирэх жилүүдэд ч үргэлжлэн өсөх хандлагатай байгааг дурджээ.

БНСУ анх 2009 онд гадаад орны иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн аж. Энэ цагаас хойш эрүүл мэндийн жуулчдын тоо жил тутам 20 гаруй хувиар нэмэгдсээр ирснийг онцолжээ.

Тухайн үед 139 улсын иргэн эрүүл мэндийн үйлчилгээ авахаар Солонгост ирдэг байсан бол энэ тоо 2018 онд 190 улс болж нэмэгдсэн нь бараг л дэлхийн ихэнх улсын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээгээ хүргэж буйг илтгэж байна.

Эрүүл мэндийн үйлчилгээ авахаар хамгийн олноор ирж буй жуулчдын 2018 оны үзүүлэлтийг улсаар нь ангилбал:

  1. БНХАУ-ын 118,310 иргэн буюу 31.2 хувийг,
  2. АНУ-ын иргэд 11.9 хувийг,
  3. Япон улсын иргэд 11.2 хувийг,
  4. ОХУ-ын иргэд 7.2 хувийг,
  5. Монгол Улсын иргэд 3.7 хувийг тус тус эзэлжээ.

Дээрх хүмүүсийн 19.4 хувь нь дотрын эмчилгээ, 14.4 хувь нь гоо сайхны мэс засал, 13.7 хувь нь арьсны эмчилгээ хийлгэсэн бол 8.9 хувь нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан гэсэн тооцоо гарсан байна.

 

 

Эх сурвалж: KoreaTimes