Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн шилдэг нисэх буудлын өргөтгөл өнөөдөр нээгдэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Дөрвөн жил үргэлжилсэн барилгын ажил өндөрлөснөөр өнөөдөр Сингапурын Changi олон улсын нисэх буудлын “Jewel” нэртэй өргөтгөл нээлтээ хийж байна.

Дугуй хэлбэрийн (doughnut) шил, ган хийцтэй уг байгууламж нь нийтдээ 135,700 м.кв талбайтай. Changi нисэх буудлын дөрвөн терминалын гурвыг нь холбон байрладаг.

Сингапурын Changi нь сүүлийн долоон жил дараалан дэлхийн шилдэг нисэх буудлаар тодроод байгаа. Тэгвэл “Jewel” нэмэгдсэнээр энэ алдар цолоо улам бататгаж байна.

Нийтдээ $1.25 тэрбумын өртгөөр боссон өргөтгөл нь нэрт архитектор Моше Сафдигийн бүтээл юм. Нийт 10 давхраас бүрдэж байгаагийн 5 нь газраас дээш, 5 нь газар дор байна.

“Jewel”-ийн гол нүд хужирлах зүйл нь 40 метр өндөртэй "HSBC Rain Vortex" гэгддэг усан хүрхрээ юм. Энэ нь барилга дотор байгуулагдсан дэлхийн хамгийн том усан хүрхрээнд тооцогдож байна.

 

“Jewel” дотор нийт 280 гаруй хоолны газар, дэлгүүр, үйлчилгээнүүд бий. Зорчигчдод зориулсан ачаа хадгалах, бүртгүүлэх үйлчилгээнүүд, 130 өрөөтэй YOTELAIR зочид буудал, лонж багтжээ. Бас үнэ төлбөргүй WiFi сүлжээ, 12 цаг төлбөргүй ашиглаж болох утас цэнэглэх нэмэлт батарейгаар үйлчилдэг болсон байна.

Мөн 11 дэлгэцтэй IMAX кинотеатрыг тус байгууламж агуулжээ.

"Shiseido Forest Valley" нэртэй дөрвөн давхар нов ногоон цэцэрлэг нь усан хүрхрээг тойрч байрласан бөгөөд дундуур нь явган хүн зугаалах зам харгуйтай юм байна.

 

Сингапурын Changi олон улсын нисэх буудал нь дэлхийн долоо дахь өндөр ачаалалтай буудал бөгөөд 2018 онд нийт 65.6 сая хүн үйлчлүүлжээ.

Энэ буудал дэлхийн 400 гаруй хоттой шууд нислэгээр холбогдож, 100 гаруй авиа компанийн онгоцыг нэвтрүүлдэг бөгөөд 80 секунд тутамд нэг онгоц хөөрөх, эсвэл газардаж байдаг юм байна.

 

Эх сурвалж: CNN