Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Маргад-Эрдэнэ хүүд туслах УРАН ЗУРГИЙН дуудлага худалдаа өнөөдөр орой болно

ikon.mn
2019 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

-Э.Маргад-Эрдэнэ хүүд туслах дуудлага худалдаа өнөөдөр орой болно-

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн Дүрслэх урлагийн хичээлийн багш, уран бүтээлч Ж.Анунаран “Маргад-Эрдэнэ миний эрдэнэ” аянд нэгдэж, өвчиндөө шаналж буй бяцхан хүүд дэм болох уран бүтээлчдийн шилдэг бүтээлээр дуудлага худалдаа зохион байгуулах гэж байна. Энэ талаар түүнтэй ярилцлаа. 

-Э.Маргад-Эрдэнэ хүүд хэрхэн туслах болсон талаараа ярихгүй юу?

-Зургаан настай бяцхан хүү Маргад-Эрдэнийг бөөрний хорт хавдартай хэмээн анх буруу оношилсноор гурван сарын турш химийн эмчилгээ хийж, эцэст нь хагалгаа хийснээр бөөрний хавдар биш болохыг мэдсэн байсан. Ийнхүү буруу, хүчтэй эмчилгээ хийснээс болж хүүгийн эрүүл мэнд маш хүнд болж, давхар давхар хохирсон тухай мэдээлэл явж эхэлснийг би санамсаргүй олж үзсэн. 

Яагаад тийм хүчтэй хүлээж авснаа мэдэхгүй, ямар нэгэн байдлаар л туслах ёстой гэж хамгийн түрүүнд бодсон. Яг яаж туслах аргаа олохгүй хоёр хоног бодсон. Энэ тухайгаа нэг найздаа хэлтэл хүүд ямар нэгэн байдлаар туслах хэрэгтэй юм байна гээд хэрхэн туслахаа ярилцсан. Ингээд найзуудтайгаа нийлээд туслахаар шийдэж, уран бүтээлийн үзэсгэлэн гаргаж, дуудлага худалдаа зохион байгуулахаар болсон. 

-Үзэсгэлэн хэчнээн уран бүтээлч хэрхэн оролцох вэ?

-Бид 14 хоногийн энэ богино хугацаанд бүх ажлаа хамгийн хурдтайгаар зохион байгуулж байгаа маань энэ. Эхэндээ ийм олон уран бүтээлч нэгдэнэ гэж бодоогүй. Өнөөдрийн байдлаар уран бүтээлчид яг 100 хүрч байх шиг байна. Үүнд зураач, барималч, керамикч, калиграфч зэрэг дүрслэх урлагийн чиглэлээр уран бүтээлээ хийдэг хүмүүс нэгдсэн байгаа. 

-Үзэсгэлэнгээ хэзээ, хаана зохион байгуулах вэ. Дуудлага худалдааныхаа тухай мөн мэдээлэл өгөхгүй юу?

-Үзэсгэлэн маань өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 5-нд "Тэнгис" кино театрын урд байрлах “МН 17” галерейд нээгдэж, 8-ныг дуустал үргэлжилнэ. Үзэсгэлэнгийн туршид бид янз бүрийн арт өдөрлөгүүдийг хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, холимог техникээр зураг зурж үзэх, калиграф хийж үзэх, “wine and canvest” эвент хийх бөгөөд хүмүүс өөрийнхөө дуртай төрлөөр зураг зурах ч боломжтой. Ямар ч байсан энэ дөрвөн өдрийг маш үр бүтээлтэй зохион байгуулж, тэндээс олсон ашгаа Маргад-Эрдэнэ хүүд 100% хандивлахаар төлөвлөсөн. 
Дуудлага худалдаа нь өнөөдөр буюу Баасан гарагийн орой 19.00 цагт болно

 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn

-Та хүүгийн гэрийнхэнтэй нь уулзсан уу?

-Э.Ууганбаяр гээд төрсөн эгчтэй нь холбогдсон. СУИС-ийн бүжгийн 3-р дамжааны оюутан. Энэ сарын 2-нд СУИС-ийн театрт 2-3 өдрийн тоглолт зохион байгуулаад 100 гаруй сая төгрөг олсон байсан. Бид хоёр ярьж байгаад хамтран эзэмших данс нээлгэсэн. Үзэсгэлэнгийнхээ туршид гарсан үр дүнгээ нэгтгээд, зарагдсан бүтээлийн болон бусад бүх орлогоо дансандаа төвлөрүүлээд ээж рүү нь шилжүүлэхээр төлөвлөж байгаа. 

-"Улаанбаатар Элит” сургуулийн сурагчид мөн энэ хүрээнд үзэсгэлэн гаргах гэж байгаа гэж сонссон. Энэ тухайгаа ярихгүй юу?

-Манай сургууль тайлан үзэсгэлэн хийхээр ярьж байх үетэй давхцаад Э.Маргад-Эрдэнэ хүүгийн тухай мэдээлэл гарч ирсэн. Тиймээс хүүхдүүдийнхээ үзэсгэлэнг тавдугаар сарын 20-доор “Орд” галерейд хийхээр төлөвлөж байна. Урлан бүтээх төвөөс биднийг байраар дэмжиж байгаа. Хүүхдүүдийн маань ажлууд эхнээсээ бэлэн болж байгаа. 

Манай хүүхдүүдийн бүтээлийг сонирхоод авбал тэр мөнгийг мөн хүүгийн эмчилгээнд дэм болгон өгнө. Гэхдээ энэ талаар сурагчдадаа хараахан дуулгаж амжаагүй байна. Хүүхдүүд маань дэмжинэ гэж найдаж байгаа. 

-Хүүхдүүд дүрслэх урлагийн хичээлийг хэр хүлээж авч байна вэ? Мэдээж хүүхдэд туслах учраас дуртай дэмжих болов уу гэж бодож байна.

-Хүүхдүүдээсээ их гоё мэдрэмжүүдийг авдаг. Маш их хайрыг мэдэрдэг. Хичээлдээ дуртай, хийж байгаа зүйлдээ өөрсдийгөө зориулдаг учраас сэтгэл хангалуун байдаг. 

-Уран бүтээлчид ер нь ийм хандивын аян хэр идэвхтэй зохион байгуулдаг вэ?

-Хүмүүнлэгийн үйл ажиллагаа нэлээд их хийдэг. Манай зураач нар их даруухан хүмүүс байдаг. Уран бүтээлээ хийгээд л чимээгүй явдаг. Хийж бүтээж байгаагаа нийтэд сурталчлаад байх нь ховор. Өнөөдөр би уран бүтээлчдээрээ үнэхээр их бахархаж байна. Ийм олуулаа нэгдэнэ гэж ерөөсөө төсөөлөөгүй. 

Э.Маргад-Эрдэнэ хүүгийн хоёр жилийн эмчилгээнд 900 сая төгрөг шаардлагатай юм билээ. "Маргад-Эрдэнэ миний эрдэнэ" гэсэн пэйж хуудсаас мэдээлэл авч болно. Бид ямар ч байсан чадах чинээгээр тус болохын төлөө хичээх болно. Энэ олон хүний дэмэнд эрүүл саруул болно гэдэгт итгэлтэй байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.