Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Токио-2020” олимпын наадмын бэлтгэл ажлыг эрчимжүүлж эхэллээ

ikon.mn
2019 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Олимпын наадамд бэлтгэх үндэсний хороо (ОНБҮХ) өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайд ОНБҮХ-ны дарга У.Хүрэлсүх хуралдааныг удирдлаа.

БСШУС-ын сайд, ОНБҮХ-ны орлогч дарга Ё.Баатарбилэг тус хорооны 2018 оны төлөвлөгөөний биелэлтийн талаар, холбогдох газрын дарга нар Олимпын хөгжлийг дэмжих сангийн үйл ажиллагааг эхлүүлэх, Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд шаардагдах санхүүжилт, баг тамирчдын ёслол болон спорт хувцсыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл хийсний дараа Олимпын наадамд бэлтгэх ажлыг эрчимжүүлэх тухай тогтоол гаргав.  

“Токио-2020” олимп, паралимпийн наадамд бэлтгэх Үндэсний хорооны 2019 оны ажлын төлөвлөгөөг баталж, төлөвлөгөөний дагуу ажлын явц, үр дүнгийн мэдээллийг Үндэсний хороонд улирал тутам танилцуулахыг үүрэг болголоо.

Монгол Улс спортын 16 төрлөөр шигшээ баг бүрдүүлсэн бөгөөд 9-10 төрөлд нь медаль хүртэх боломжтой гэж үзэж байна. Өмнөх олимпуудад бэлтгэх хороо 6-8 сарын өмнөөс ажиллаж эхэлсэн байдаг бол энэ удаад 15 сарын өмнөөс зохих бэлтгэлийг хангаж эхэлжээ. Тамирчдын бэлтгэл Булган аймгийн Хангал сум дахь “Спортын бэлтгэл, сургалтын төв”-д хийгдэнэ.

Үндэсний хорооны тооцоогоор Монгол Улс 2020 оны олимпын наадамд амжилттай оролцоход 20 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд 2019 оны Улсын төсөвт 6.5 тэрбум нь суусан байна.

Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилалт хийх, олимпын эрхийн тэмцээнд оролцуулахад шаардагдах төсвийг 2020 оны төсөвт тусган батлуулахаар шийдвэрлэлээ.  

 


Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам