Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

10 хүртэлх насны хүүхэд ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртөх тохиолдол их байна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ долоо хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс зам тээврийн ослын шинжтэй 909 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгажээ.

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 33 хүн гэмтэж, бэртсэн ба орон нутагт ноцтой хоёр зам тээврийн ослын улмаас гурван хүний амь нас хохирсон хэргүүд бүртгэгдсэнийг шалгаж байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

  • БЗД-ийн Товчооны зам Жалганы .. тоот хашаанд T.Pruis маркийн автомашины жолооч нь машины доогуур орж засвар хийж байх үед нь машин өнхөрч жолооч 39 настай Д гэмтсэн,
  • Гуравдугаар сарын 28-ны 08:00 цагийн орчимд Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт багийн нутаг “Довын гол” гэх газар асфальтан замд Sinotruck маркийн ачааны автомашин нь T.Landcruiser-200  маркийн автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын гурван хүний амь нас хохирсон,
  • Мөн БЗД-ийн нутаг нарны замд K.Optima маркийн автомашины жолооч нь T.Crown маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 7, 9 настай хоёр хүүхэд гэмтсэн хэргүүдэд харьяа цагдаагийн байгууллагуудаас шалгалтын ажиллагаа явуулж байна.

Нийслэл хотын хэмжээнд ослын улмаас гэмтсэн хүний найм нь бага насны хүүхэд бөгөөд явган зорчигч хэлбэрээр тэр дундаа 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнгүй, ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртөх тохиолдол их байна.

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар иргэн, хуулийн этгээд буюу эцэг эх, багш, боловсролын байгууллагын ажилтан нь 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүйгээс хүүхдүүд зам тээврийн осолд өртөж байна. ТЦА-аас дээрх дүрмийг зөрчиж замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргахад хүргэсэн эцэг эх болон багш, сурган хүмүүжүүлэгчдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага 50 нэгжтэй /50,000 төгрөг/ тэнцэх хэмжээний торгууль ногдуулдаг.

Бүртгэгдсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл:

  • 19 нь явган зорчигч мөргөж гэмтээх,
  • 25 осол нь мөргөлдөх,
  • Дөрвөн осол нь үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр үйлдэгджээ.

Гудамж замд хийж буй хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 155 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилж ажилласан байна.

Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад дуудлага мэдээлэл 2.1 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 10 хувиар, шүүхээр баривчилсан хүн 27 хувиар өссөн боловч гэмтсэн хүний тоо 20 хувиар, амь нас нь хохирсон хүний тоо 70 хувиар тус тус буурчээ.

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба