Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Бурунди улсын ерөнхийлөгч хөрөг дээр нь зурсан хүүхдүүдийг өршөөлөө

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Төв Африкийн Бурунди улсын ерөнхийлөгч Пьер Нкурунзиза сурах бичигт хэвлэгдсэн өөрийнх нь хөрөг дээр зураг зурсан гурван хүүхдийг хатуу ял шийтгэлээс чөлөөлжээ.

Эхэндээ уг хэрэгт холбогдуулан дунд сургуулийн долоон сурагчийг баривчилсан ч тэднээс 15-17 насны гурван хүүхдийг нь шүүхээр болсон юм. Хэрвээ шүүх хурал болсон бол улсын ерөнхийлөгчийг доромжилсон шалтгаанаар тав хүртэл жил шоронд хорих ял оноохоор байв.

Харин тус улсын хууль зүйн яам хүүхдүүдийг шийтгэхээ больж, дахин ингэвэл хатуу шийтгэнэ гэж анхааруулаад суллах шийдвэр гаргажээ.

Хууль зүйн сайд Айми Лаурентин Каняна телевизээр ярихдаа “Эцэг эхчүүдийг хүүхдийнхээ боловсрол хүмүүжилд анхаарахыг бид сануулж байна. Ял шийтгэл хүлээх насны босго 15 байдгийг санаж, хүүхдүүддээ төр засгийг хүндэлж сургах хэрэгтэй. Дараагийн удаа бид хуулийн дагуу хариуцлага тооцох болно” гэсэн байна.

Энэ удаа сошиал ертөнцөд “#FreeOurGirls хаштагтай хөдөлгөөн өрнөж, хүүхдүүдийг суллахыг нийтээр шаардаж байсан нь тэднийг ялаас чөлөөлөх шалтгаан болсон гэж ажиглагчид үзэж байна.

Тухайлбал твиттер сүлжээнд иргэд ерөнхийлөгч Нкурунзизагийн хөрөг дээр элдвээр зурж, сараачиж эсэргүүцлээ илэрхийлж байв.

Бурундид анх удаа ийм хэрэг гараагүй. 2016 онд тус улсын тагнуулын байгууллага ерөнхийлөгчийн хөргийг гутаан доромжилсон шалтгаанаар найман сурагчийг баривчилж, заримыг нь сургуулиас хөөж байсан юм.

Бурундийн ерөнхийлөгч улс орондоо нэг хүний дарангуйлал тогтоогоод байгаатай энэ нь холбоотой. 2015 онд Нкурунзиза гурав дахь удаагаа ерөнхийлөгчийн суудалд суух шийдвэр гаргасныхаа дараа өөрийг нь шүүмжлэгчдийг шахаж дарамтлах болсон.

2017 онд тус улс Олон Улсын Эрүүгийн Шүүхийн гишүүнчлэлээс татгалзсан дэлхийн анхны улс болсон байна. Улмаар энэ сард НҮБ-ын хүний эрхийн салбар байгууллага Бурундигийн засгийн газрын шахалтаар хаалгаа барьж байгаа.

 

Эх сурвалж: Quartz