Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Зочид буудлын 1,600 үйлчлүүлэгчийн нууц бичлэгийг онлайнаар зарсан хэрэг Өмнөд Солонгост илэрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Зочид буудлын 1,600 орчим үйлчлүүлэгчийн дүрсийг нууцаар онлайн орчинд шууд дамжуулж, үзэгчдээс төлбөр авдаг байсан этгээдүүдийг илрүүлснээ Өмнөд Солонгосын цагдаагийн газар өчигдөр мэдээлжээ.

Тус улсын 10 хотод үйл ажиллагаа явуулдаг 30 жижиг зочид буудлын 42 өрөөнд нууц камер байрлуулсан хоёр этгээдийг баривчлаад байна.

Камернуудыг дижитал телевизийн хүлээн авагч бокс, ханын цахилгааны залгуур, үс хатаагчийн өлгүүр зэрэгт байрлуулдаг байжээ.

Ингэж дамжуулсан дүрсийг нь 4,000 гаруй хүн төлбөртэй хүлээн авч үздэг байсны 97 нь сар бүр $45 орчмыг төлж, нэмэлт үйлчилгээ авч байсныг илрүүлсэн байна.

Өмнө нь камераар нууц бичлэг хийсэн олон тохиолдол илэрч байсан ч анх удаа интернэтэд шууд дамжуулдаг этгээдүүдийг илрүүлснээ цагдаагийн төлөөлөгч мэдээлжээ.

Өмнөд Солонгосын нийгэм сүүлийн жилүүдэд нууц камерны гамшигт нэрвэгдээд байгаа. 2017 онд 6,400 гаруй ийм хэрэг илэрч байсан бол энэ тоо 2012 онд 2,400 орчим байжээ.

Өнгөрсөн онд Сөүлийн гудамж талбайд олон арван мянган эмэгтэйчүүд “Миний амьдрал чиний порно биш” уриан дор цуглаж, нууц камернаас хамгаалахыг эрх баригчдаас шаардаж байв.

Үүний дараа Сөүл хотын захиргаа тус хотод оршдог 20,000 орчим нийтийн бие засах газруудад камер илрүүлэх шалгагчдыг тогтмол ажиллуулах болсон юм.

Өнгөрсөн нэгдүгээр сард тус улсад хамгийн их хандалттай Soranet порно сайтыг үүсгэн байгуулагчдын нэгт дөрвөн жил шоронд хорих, $1.26 саяын торгууль төлөх шийтгэлийг шүүхээс оноож байв. Одоо хаагдаад байгаа тус сайт нь нууц камерны бичлэгүүдээ хуваалцах боломжийг өөрийн хэрэглэгчдэд олгодог байсан юм.

 

Эх сурвалж: CNN