Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Google онлайн тоглоомын платформоо танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Сан Франциско хотод болж буй компьютер тоглоом хөгжүүлэгчдийн чуулган дээр Google компани өөрийн онлайн тоглоомын платформыг танилцууллаа.

Stadia нэртэй энэхүү платформ нь видео тоглоомыг хэрэглэгчийн компьютер дээр татаж суулгалгүйгээр үүлэн (cloud) технологи ашиглан алсаас удирдаж, тоглох боломж олгодог. Нэг үгээр хэлбэл видео тоглоомны Нэтфликс үйлчилгээ гэсэн үг юм. Тоглоомын үндсэн үйл явц Google-ийн сервэр дээр ажиллаж, хэрэглэгчдийн компьютер дээр дүрс нь цацагдана.

Valve компанийн Steam платформ нь тоглоомыг компьютер дээрээ татаж суулгахыг шаарддаг бол Google-ийн Stadia ингэх шаардлагагүй юм.

Өчигдөр бас Google компани өөрийн Chrome браузер дээр ажиллах консол хэлбэрийн тоглоомын удирдлага танилцуулжээ.

“Бид 10 жилийн өмнө Chrome браузерыг танилцуулж байхдаа ирээдүйд вэб аппликэйшний орчин үеийн платформ болно гэж төсөөлж байсан. Үүний нэг хэлбэр нь тухайн үед боломжгүй байсан өндөр чанартай тоглоомыг Chrome дээр ажиллуулах боломж юм” гэж Google-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай тайлбарласан байна.

 

Одоогоор Майкрософт компани үүнтэй ижил Project xCloud тоглоомын стриминг үйлчилгээ нэвтрүүлэхээр бэлдэж байгаа. Apple, Amazon зэрэг компаниуд ч “cloud gaming” хэмээх энэ салбарт орж магадгүй байна.

Энэ оноос нэвтэрч эхлээд байгаа 5G технологи нь хугацааны алдагдалгүй, найдвартай өндөр хурдны холболт үүсгэх боломж олгож байгаа нь уг салбарын хөгжилд түлхэц болж байгаа юм.

Шинэ салбарт байр сууриа бэхжүүлэхийн тулд Google компани Stadia Games and Entertainment нэртэй тоглоом бүтээх студи байгуулж байгаа гэнэ.

Google-ийн Stadia тоглоомын удирдлага дээр тоглолтын видео бичлэгийг шууд YouTube сүлжээнд нийтлэх, дүрсийг шууд дамжуулах товч суулгаж өгсөн нь давуу тал болж байна.

Уг удирдлага ямар үнэтэй байхыг өчигдрийн арга хэмжээний үеэр мэдээлээгүй юм. Stadia платформ нь 2019 онд багтаж ашиглалтад орох гэнэ. Stadia нь Google-ийн сервэр дээр ажиллах тул хэрэглэгчээс өндөр хүчин чадалтай компьютер шаардахгүй, компьютер, гар утас зэрэг төхөөрөмж хооронд тоглоомоо таслахгүй шилжих боломжтой байх ажээ.

Стримингийн чанар нь 4K нягтралтай, секундэд 60 фрэйм үзүүлэх хэмжээтэй байна гэдгийг Google мэдээлсэн байна. Stadia платформыг хамгийн түрүүнд АНУ, Канад, Их Британи, Европын зарим орнуудын зах зээлд гаргах ажээ.

 

Эх сурвалж: The Washington Post