Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Нүүдэлчин соёлоо хадгалж үлдэхийг хүсч байгаа бол бэлчээрээ хамгаал"

ikon.mn
2019 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Дэлхий даяар байгаль экологио хамгаалах асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед малын тоо толгойг хязгаарлаж, зохистой хэмжээнд байлгах нь нэн чухал.

Монгол Улсын хувьд мал сүргийн тоо толгой нэмэгдсэнээс болж бэлчээрийг өнжөөж, сэлгээх боломж алдагдаж, ургамлын нөмрөг, бүтэц бүрэлдэхүүн доройтож байгаа талаар судлаачид өгүүлж буй.

Тухайлбал, 1961-1990 оны малын дундаж тоотой харьцуулахад малын тоо 2.9 дахин буюу 43.1 сая толгойгоор нэмэгдсэний дотор:

  • ямаа 6.1 дахин,
  • хонь 2.2 дахин,
  • үхэр, адуу 1.8-1.9 дахин өсөж,
  • тэмээний тоо 1.4 дахин буурсан байна.

Бог малын харьцаа өмнө нь хонь 72 хувь, ямаа 28 хувийг эзэлж байсан бол өнөөдөр бог малын 55 хувь ямаа, 49 хувь хонь болсон байна. Ийнхүү мал сүргийн бүтэц алдагдаж, ямаан сүрэг ихээр өссөн нь байгаль экологид сөргөөр нөлөөлж, бэлчээрийг доройтуулах нэг шалтгаан болж байгаа ажээ.

Эдийн засгийн ашиг талаас харж болох ч хойч үедээ бэлчээр нутгаа урт удаан хугацааны туршид хэвийн ашиглах боломжийг үлдээх ёстой. Энэ талаар Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Хѳдѳѳ аж ахуйн ухааны доктор эрдэмтэн судлаач Ч.Оюунцэцэг өгүүлж байна. Тэрбээр ямааны бэлчээрт үзүүлэх нөлөөг чамгүй судалсан эрдэмтэн юм.

- Таван хошуу мал байгальд зохистой харьцаатай байх ёстой гэж байна. Ямар бүтэцтэй байвал зохих вэ?

- Монгол малын бүтцийг хадгалахын тулд өмнө нь дан ямаа, дан хонь гэж суурилж өсгөдөг байлаа.

Харин одоо малчид ямааг ноолуурын чиглэлээр ихээр өсгөснөөр бог малын харьцаа алдагдаж, ямаа нь хониноос илүү гарчихсан байна.

Ямаан сүргийн 4.5 хувь манай орны баруун бүсэд, 4.3 хувь хангайн бүсэд, 3 хувь төвийн бүсэд, харин зүүн бүсэд 1.4 хувь нь байрладаг. 2005 онд нийт таван хошуу малын эзлэх хувьд харьцуулж, хонь толгойд шилжүүлснээр ямаа 23,3 сая хонь толгой болж, бүх малын 43.3 хувийг эзэлж байсан. Харин хонь 42.6 хувь байсан. Бэлчээрт үзүүлэх нөлөөллөөр нь авч үзвэл адуу, хонь, ямаа гурав бэлчээрт хамгийн ихээр нөлөө  үзүүлдэг гэдэг.

Гэвч бэлчээрт халгаатай гэдгийг батлах судалгаа байгаагүй тул бид 1998-2003 оны хооронд цувралаар ямаа үнэхээр бэлчээрт нөлөөлдөг юм уу гэдгийг  судалсан. Тэгээд 40 га бэлчээрийн талбайг хашсан. Энэ бэлчээрийг хашихдаа 5 хонь 5 ямаа бүхий холимог, дан 10 ямаа, дан 10 хонь гэсэн гурван хувилбараар нас зүс шүд ижилсүүлж сонгон судалгаанд хамруулсан. Өмнө нь уг бэлчээрийн талбайн ургацаа урьдчилан тооцчихсон байсан. Зүйлийнхээ ургамлын бичиглэлээ хийчихээд нэг өдрийн бүтэн 10 цаг бэлчээсэн.

Зун намар хоёрт судалгааг хийж, хялгана, хазаар, алаг өвст бэлчээрийн нийт ургацын 81,-89,3 хувийг ямаа ашигласан байсан нь бэлчээр ашиглалтын коеффицентоор хониныхоос 26,9 хувь илүү байсан. Намар нь 34 хувиар илүү байсан. Ургамлын нөмрөгт үзүүлэх сөрөг нөлөөллөөр нь тооцвол 6-р сарынх нь намрынхаас 2,3 дахин илүү байсан. Энэ нь зун бэлчээрийг илүү их талхалж байгааг харуулж буй хэрэг. Гэтэл 6 сард бэлчээр хамгийн сайнаар ургадаг үе. Тэр үед хамгийн ихээр нөлөөлж байгаа нь судалгаа эхлэхээс өмнөх байдал, ашиглалтын дараах  байдал зэргээс харагдсан.

Ямаа бүх ургамлыг идчихдэг. Тодруулбал, бэлчээрийн зүйл ургамалдаа ямар нөлөө  үзүүлдэгийг үзэхэд 1 м.кв талбайд 27 зүйл ургамал байлаа гэхэд ихэнхийг нь идчихдэг. Жишээ нь, судалгааны өмнө хялганы бутыг тоолж, дараа нь хичнээн бут үхсэн, хэд амьд байгааг нь үзсэн. Туршилт хийсэн талбайн ашиглалтын коэффицентээр нь үзвэл 5 хонь, 5 ямаа бүхий холимог сүрэг нийт  ургацын 72,9 хувийг ашигласан. Дан ямаа 84,9 хувийг, хонь 58 хувийг ашигласан байсан. Харин намартаа холимог сүрэг 78 хувийг, дан ямаа 55 хувийг ашигласан байсан.

Ингээд уг талбайд байх зүйл ургамлын хэд нь үхсэнийг судалсан. Малтсан  талбайг судлахад дан 10 ямаа 2,5 мкв талбайг цавчсан, дан 10 хонь 0,17 мкв буюу бараг малтаагүй, харин таван хонь таван ямаа 1,3 мкв талбайг малтсан байсан. Тэгтэл бүрэн гэмтсэн ургамлын найлзуурыг тоолоход 5 хонь 5 ямаа 177 найлзуурыг гэмтсээн, 10 ямаа 190 найлзуур  гэмтээсэн бол 10 хонь 64-ыг гэмтээсэн байсан. Ингээд ямаа нь хонийг бодвол бэлчээрт илүү нөлөө үзүүлдэг гэдгийг тогтоосон.

Ургамлын зүйлийн бүрэлдэхүүнээр нь зун үзэхэд дан 10 ямааны бэлчсэн газарт үхсэн найлзуурын тоо 22, 5 хонь 5 ямаа бүхий холимог 16, дан 10 хонь 12-ыг устгасан байсан. Хонь ч гэсэн хөрсийг малтаж л байгаа ч арай гайгүй. Намартаа  дан 10 ямааны бэлчсэн газарт үхсэн найлзуурын тоо 25,  5 хонь 5 ямаа бүхий холимог сүрэг бэлчсэн газарт үхсэн найлзуурын тоо 14, дан 10 хонины бэлчсэн газар дахь үхсэн найлзуурын тоо 10 байсан.  Эндээс дүгнэвэл бэлчээрийн ургамлын хамгийн чухал нь болох хазаар өвс буюу үет ургамлуудыг аваад хаячихаар бэлчээр доройтох нь гарцаагүй юм.

Дараагийн нэг асуудал нь ургамлуудын дараа жилийн нөхөн ургалт муудаж, ургац буурсан. Ургамлын зүйлүүд ашиглалтаас үүдэн дараа жил нөхөн сэргэх эсэх нь тодорхойлогддог. 1мкв талбайд 18-27 зүйл ургамал тохиолдож байсан бол судалгааны 7 жилийн хугацаанд ургацын бүрхэц улам бүр багасч, оронд нь зэрлэг ургамлууд нь түрж орж ирээд байсан.

- Энэ судалгааг үндэслэн малчдад ямар зөвлөмж өгсөн бэ? Сүргийнхээ бүтцийг нэн тэргүүнд зөв болгох хэрэгтэй юм байна гэж ойлголоо

- Ямаа их даарамтгай, хотоо их хөлдөөдөг учраас хонины нөмөр нөөлөг ноосонд нь наалдаад дулаан байдаг. Тийм болохоор дан ямаан сүрэг байвал хот хөлдөнө, өөрөө даарч хөрнө. Тиймээс цаашид хэрхэн зөв зохистой бэлчээрийг  ашиглах тохируулах зөвлөмж  гаргасан. Энэ зөвлөмжид ямаа ургамлын үржлийн үе буюу  ургалтын үед сорчлон иддэг. Тодруулбал, сэргэн ургаж байгаа үе буюу хавар хөрсийг малтан ургамлын үндсийг нь сугалан идсэнээс ургамал бүрэн үхэж, хөрс гэмтэх аюул тулгардаг. Энэхүү сөрөг нөлөөлийг бууруулах зорилгоор өвөлжөөний бэлчээрийг жил бүрийн 4 сарын 10-наас 10 дугаар сарын дунд үе хүртэл хугацаанд малын хөлөөс чөлөөлж өгөх хэрэгтэй.

Мөн ургамал нөмрөгийн хувьд тачир сийрэг, ургац бага, сул хөгжилтэй  элсэнцэр ба хайргархаг хөрстэй газар бэлчээрлэлтийн нөлөөлөлд амархан өртөж байна. Иймд ургамал нөмрөгийн нөөц багтаамжинд тохируулан малаа бэлчээх, малын тоо толгойг зөв байршуулах хэрэгтэй. Ямааг дангаар нь бэлчээсэн тохиолдолд ургамалын нөмрөгт үзүүлэх нөлөөлөл их байдаг тул хонь ямааг  тэнцүү бүтэцтэй үржүүлэх нь зүйтэй. Ингэвэл  ургамлын нөмрөгт үзүүлэх нөлөө багасна гэж зөвлөсөн.

Тухайлбал, 50/50 буюу нэг хонь нэг ямаа гэсэн харьцаагаар үржүүлэх. Гэхдээ малчин өрхүүд 2 хонь, нэг ямаа гэсэн бүтэцээр сүргээ өсгөвөл хамгийн зохистой харьцаа болно. Өмнө нь айлууд ямаа багатай 25/75  харьцаатай байсан.  Учир нь ямаа салхинд бусад малаа дагуулаад гүйчихдэг учраас мал их турдаг гэж үздэг байсан. 1990 оноос хойш ямаа өсөхөд эдийн засгийн хөшүүрэг нөлөөлсөн. Ноолуур үнэтэй болж, зах зээлийн эрэлт нэмэгдсэн тул ямааг эрчимтэйгээр өсгөсөн байдаг.

Дараагийн чухал нэг асуудал нь бэлчээрийн бүтэц бүрэлдэхүүн нөөц, улирлын өөрчлөлтийг харгалзан малын төрөл, тэдгээрийн бүтцийг зохистой байлгах менежмэнтийг боловсронгуй болгох юм. Бэлчээрийг зөв ашиглахад тэргүүн байр эзэлдэг энэхүү асуудлыг шийдэхээр босоо бүслүүрийг хавтгайд шилжүүлээд үзвэл манай бэлчээрийн даац буруу гардаг. 2005 онд “Монгол мал” төслийн судалгааны явцад босоо бүслүүрийг хавтгайд шилжүүлж үзсэн. Тодруулбал, уулыг хавтгай талбай болгож тооцсон. Тэгтэл мал бэлчээхэд ууланд маш их талбай байсан ба тэгж тооцоход манай улс 147 сая бэлчээрийн  талбайтай болчихсон.

Хамгийн гол нь ямаагаа цөөрүүлж, зөв бүтэцтэй өсгөх юм бол бэлчээрт үзүүлэх нөлөө нь бага болно. Ер нь ямар ч  мал бэлчээрийн ашиглалт буруу буюу тухайн газраа удаан л байх юм бол бэлчээр доройтно. Малчин хүн л малыг жолоодож байгаа. Малчин хүн бэлчээрээ зөв тооцож нүүдэл суудлаа цагт нь  хийгээд явах юм бол мал дагаад л явна. Үнэн хэрэгтээ малын нөлөө гэхээсээ илүү малчин хүн малаа яаж зөв удирдаж, нутаг бэлчээрээ яаж зөв ашиглаж чадаж байна вэ гэдгээс л бүх зүйл хамаарна гэдгийг ойлгох хэрэгтэй.

- Ямааг цөөрүүлнэ гэхээр дургүйцэх малчид цөөнгүй гардаг.

- Тэгэлгүй яахав, ямааны чиглэлээр эдийн засгийн хөшүүрэг их байгаа учраас  хүнийг хүчилж болохгүй. Тэгэхдээ тухайн малчин хүний менежмент буюу малч ухаан их чухал. Тухайн малчин хүн малаа хэдэн толгойд өсгөж, хэдий хэмжээний ашиг орлого олох вэ, түүнтэйгээ холбоотойгоор тэжээлийн нөөцөө базаах буюу нөөцдөө тохируулж малаа өсгөх хэрэгтэй. Тэжээлийн нөөцөө нэмэгдүүлж, талхлагдсан бэлчээрээ сайжруулах шаардлагатай. Малынхаа тэжээлийг бэлтгэж, зөвхөн байгалийн хараат болгох хэрэггүй.

Хур тунадас ихтэй жил бэлчээр сайхан сэргээд өвс тэжээл элбэг, ган болохоор юу ч үгүй болоод байгалийн хараат болдог байдлаасаа гарах шаардлагатай байна. Зуд боллоо гэхэд өвс тэжээлээ хэдэн тонноор нь бэлдчихсэн байж болно. Мэдээж ингэж бэлддэг малчид олон бий л дээ. Магадгүй “Өвс тэжээл бэлдэж чадахгүй” гэвэл тэр жилийн өвлийн нөөцдөө тохируулаад, илүү малаа зах зээлд борлуулаад мөнгө болгож болно. Дараа хавар нь мөнгө байгаа юм чинь дахин мал худалдаж авч өсгөөд, намар нь мөнгө болгоод  явах юм бол малчдын амьдрал ч сайжирна бэлчээр ч доройтохгүй.

Ингэж харвал малчин хүний үүрэг маш их байгаа. Малаа яаж жолоодох юм. “Малтай болно, малтай болно” гээд тоо хязгааргүй хамаагүй өсгөчихсөнөөс  бэлчээр л сүйдсэн. Сүүлдээ айлууд дуртай газраа буугаад, дураараа нүүснээс болж бэлчээр талхлагдсан. Одоо харин малчид энэ асуудалд анхаарлаа хандуулж, бүлэг байгуулаад намар нь энд бууя,  хавар нь тэнд бууя. Өвөлжөө, хаваржаа энд байна гэдгээ ярилцаж байна. Нэгдэж байна.

Дөрвөн айл өвөлжөөний бэлчээрээ хамгаалж, нэг дор бууж “бэлчээрийн сэлгээ” гэдгийг хийж эхэлж байна. Бэлчээрээ зөв зохистой сэлгэж, ашиглаж эхэлсэн нь маш зөв. “Сэлгэж ашигла” гэхээр “Манайх нүүх талбай байхгүй ээ” гэх хэрэггүй. Бүлгийн зохион байгуулалтад орчихвол бүгд нэг, нэг өвөлжөөнд буудаг байснаа больж, нэг газраа бууна. Үлдсэн өвөлжөө нь хадгалагдаад ирэхээр бэлчээр сайжирна.

- Бэлчээр сэргээд ирэхээр шимт ургамлууд нь ч гэсэн аяндаа ургаад эхэлдэг байх, тийм үү?

- Тэгэлгүй яахав. Доройтсон бэлчээрийн сэргэлтийн судалгааг олон жил хийсэн. Бэлчээрийг 2-3 жил өнжөөхөд шимт ургамлууд нь аяндаа сэргээд ирдэг.

- Талхлагдсан бэлчээрийн өвс ургамал нь устчихсан бол дахин сэргэх үү?

- Ямаа бэлчээгээд үндсээр нь сугалаад хаячихвал сэргэтлээ удна. 100 найлзууртай хялгана байлаа гэхэд талыг нь аваад идчихвэл сийрэгч гэсэн сэргэнэ. Гэхдээ хөрсөнд ургамлын “бутлалтын зангилаа” гэж байдаг. Тэр зангилаанаас шинэ мөчир бий болдог. Тухайн бэлчээрээ өнжөөж амраагаад байвал үхсэн мөчрөө нөхөж, дахин сэргэдэг.  

- Бэлчээрээ сэлгээх, өнжөөх нь л малчдын хийж болох, үр дүнтэй үйлдэл юм байна, тийм үү?

- Тийм. Бэлчээрийг олон жилээр сэлгээж, өнжөөх хэрэгтэй. Жил, сараар биш гэхэд ядаж хоногоор сэргээх боломжтой. Тодруулбал, жил сар өдөр хоногоор өнжөөж болно. Нэг сар нэг бэлчээрийг өнжөөчихөд уг газарт өвсний хэнзлэлт ургаад л ирдэг. Хавар эхний ургацыг ашиглачихсан бол 28-30 хоногт малаа бэлчээж идүүлэхгүй өнжөөчихөд ахиад малын идэх хэмжээний ургамалтай болоод ирдэг. Ингэхдээ бэлчээрийн хэсгээ хашчихвал амархан сэргэдэг.  Гэхдээ заавал хашилгүй бэлчээрээ хэд хэдэн хэсэгт хувааж болно. Тухайлбал, нэг аманд хавар эрт 3 хоног, зун өвс ургахаар 5 хоног гэх мэтээр малаа бэлчээнэ. Нийт бэлчээрийн талбайгаа 6-7 хэсэг болгоод, нэг хэсэг талбайд 5 хоног идүүлээд явахад 30 хоног болно. Тэгээд эхний газраа дахин бэлчээхэд бэлчээр нь сэргэсэн байна. Ингэж сэлгээ хийх аргыг 600 га бэлчээртэй талбайд туршиж үзсэн. Үхрийг тав тав хоногоор бэлчээх замаар 3 сар ашиглахад бэлчээрт ямар ч хор нөлөө байгаагүй. Харин ч бэлчээрийн ургац 3-4 дахин нэмэгдэж, сааль сүү нь ч нэмэгдсэн.

- Удаан хугацаагаар ашиглахгүй, цөөн хоногоор ашиглах нь ургамлын зүйл ангийг ч бууруулахгүй сайн талтай юм байна, тийм үү?

- Дунд зэргийн талхлагдсан бэлчээр дорхноо сэргэж, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн ч буурдаггүй. Бэлчээр давтагдаж, талхлагдаж байгааг яаж мэдэх вэ гэвэл тухайн бэлчээрийн талбайд малд идэмжгүй ургамал болох шарилж, хог ургамлууд хэр их байна гэдгээр тогтоодог. Судалгаа хийгээд үзэхэд жирийн бэлчээрийн талбайн зүйлийн бүрэлдэхүүнд шарилж, мал иддэггүй ургамал 1-3 хувийг эзэлж байдаг. Энэ байх ёстой хэмжээ нь. Харин түүнээс дээш буюу 5-аас илүү хувийг эзлээд эхэлвэл бэлчээрт өөрчлөлт орж байгаагийн шинж. 5-10 хувийг эзэлвэл дунд зэрэг, 10 аас дээш 30 хувь болоод ирвэл малд идэмжтэй ургамалын тоо цөөрч, бэлчээр доройтож байгаагийн илрэл юм. Олон жилийн судалгаагаар бэлчээр дэх шарилж, хог ургамлын зүйл ангиар доройтлын зэрэг тогтоож,  ирсэн.

- Хөдөө явж байхад шарилж, хог ургамал ихэссэн нь бэлчээрийн доройтлын тод илрэл гэж ойлгож болох уу?

- Тийм. Бэлчээрийн талбай маань хялгана, хазаар, агьт бэлчээр байлаа гэхэд хялганы хэмжээ буураад оронд нь агийн хэмжээ нэмэгдээд байна. Ингэсээр хялгана, хазаар, агьт бэлчээр маань хазаар, агьт бэлчээр болно. Яваандаа хазаар өвсийг нь мал идсээр агьт бэлчээр болоод ирнэ. Мал мэдээж хэрэгтэйгээ идээд хазаар, хялганы оронд шарилж ургаад, бэлчээр дэх зонхиолох ургамлынх нь нэр төрөл өөрчлөгдөөд явчихдаг.  

- Мэдэхгүй хүмүүс зун хээр тал ногоон л харагдаж байвал бол зуншлага сайхан болж байна гэж бодох нь өрөөсгөл байх нь ээ?

- Тэгэлгүй яахав. Нарийн харвал хялганат бэлчээр байна гэдэг нь танигддаг. Хангайд согоовор, алаг өвстэй бэлчээр зонхилно. Ууланд арай өөр. Тэр бүхэн нь талхлагдвал хөрс хатаж, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн өөрчлөгддөг. Андашгүй дээ. Тэгээд малчнаас “Энэ газар яагаад ингэж давтагдчихав аа” гээд асуухад “Аан, энэ зуслан байсан газар, хадлангийн талбай” гэдэг. Бэлчээрийг хадсаар байгаад хуурайшаад хиаг голдуу болчихсон байдаг. Энэ бүхнийг дүгнэвэл бэлчээр доройтох бүх шалтгаан нь ашиглалтаас болдог.

- Зөвхөн мал сүрэг бэлчээрийг доройтуулж байна гэж буруутгах хэрэггүй гэж үү?

- Мэдээж. Хүний үйл ажиллагаа гол үүргийг гүйцэтгэдэг. Яаж ашиглаж байгаагаас л болдог. Үнэндээ малын буруу гэж байхгүй. Байгалийн хүчин зүйл болох бороо хур, усны үер, цасан шуургыг яах ч аргагүй. Харин хүний хүчин зүйлээс үүдэлтэй өөрчлөлтийг засаж залруулж болно.

- Олон залаа зам гаргах нь бэлчээрт сөргөөр нөлөөлдөг байх, тийм үү?

- Нөлөөлнө. 2005 онд Бэлчээрийн төлөв байдлын үнэлгээгээр замын нөлөөг тогтоосон. Автозам бэлчээрийг маш ихээр гэмтээдэг. Учир нь автозамын хажуугийн 500 метр хэртэй газар дан тоос шороо, давхар зам үүсэх зэргээр нөлөөлөлд өртсөн байдаг. Бэлчээрийн нийт талбайн 30 хувь нь их бага хэмжээгээр автозамын нөлөөгөөр доройтсон гэж гарсан.

Өнгөрсөн 2018 оны “Монгол орны Бэлчээрийн үндэсний форум”-аар бэлчээр нутгийн 58,8 хувь нь их бага хэмжээгээр доройтсон гэж мэдээлсэн. Тэгэхээр нэг дахин нэмэгдсэн байна. Манай бэлчээрийн талбайн 70 хувь нь талхлагдаж, цөлжсөн гэж яриад байгаа ч Монгол Улсын байгаль экологийн шинж  нь их өөр. Нийт газар нутгийн 20 гаруй хувь нь цөлөрхөг, 40 гаруй хувь нь цөл цөлөрхөг бүс эзэлдэг. Байгалийн тогтоцоос хамаараад  цөлжилт болж байна гэж хардаг болов уу. Мэдээж бэлчээрийн доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн элс хойшоо нүүж, шороон шуурганд ургамал дарагдаж байгаа.

- Гэхдээ гол ус булаг шанд нь хатаж, ширгээд байхаар яах аргагүй цөлжиж байна гэж харагдана шүү дээ?

- Ус нь багасна гэдэг нь тухайн жилийн хур тунадасны давтамж, хэмжээнээс үүдэлтэй. Мөн гол усыг буруу ашигласан хүний үйл ажиллагаатай холбоотой. Дээр нь малын тоо олон бол хэрэглээ нэмэгдэнэ. Анзаарвал хур тунадас ихтэй, зуншлага сайхан байвал ус булаг сэргээд ирдэг. Харин хур багатай жил булаг, шанд татарна. Мэдээж манай улсын бэлчээр доройтсон ч гэлээ зөв менежментийг хэрэгжүүлж чадвал  сэргэнэ. Сэргэдэг. Судалгаанаас харахад 3-5 жилийн дараа ахин анхны байдалдаа шилждэг. Байгалийн ургамлууд дээд тал нь 10 жилийн дараа сэргэнэ. Бэлчээрийг сэргээнэ гээд таримал бэлчээрээр хагалаад байж болохгүй. Таримал бэлчээртэй болно гэдэг их хүнд ажил шүү дээ.

- Таримал бэлчээрийн талаар тодруулж өгөөч?

- Царгас согоовор зэрэг өвслөг ургамал тариалахыг хэлж байгаа юм. Таримал бэлчээр нь өөрөө усалгаатай цагт л үр шимээ өгнө. Усалгаагүй бол таримал бэлчээр тун хэцүү. Ойт хээрийн бороо хур ордог чийглэг нөхцөлтэй газар л ургана. Хээрийн болон говийн бүсэд усалгаагүй бол таримал бэлчээр бий болгоно гэж байхгүй. Тэрний оронд байгалийнхаа бэлчээрийг услаад хашиж, өнжөөгөөд байвал хөрсөнд байгалийн түмэн зүйлийн ургамал сэргэнэ. Хөрсний гүнд буюу 0-5 см ургамлын нөөц үр хадлгадагдаж байдаг. Тиймээс байгалийн бэлчээрээ  л зөв ашиглах хэрэгтэй.

- Байгальдаа жаахан сэтгэл гаргахад л болно гэж үү?

- Жаахан анхаарал хандуулчихад л байгаль өөрөө сэргэчихнэ. Зардал мөнгө ч бага гарна. Би Батсүмбэрт гурван хашаанд туршилт хийсэн. Хамгийн сайн ургац өгсөн нь байгалийн бэлчээрийг зохистой ашиглах байсан. Дараа нь бордох арга.  бордвол ургац их өгнө. Гэхдээ зардал өртөг ихтэй. Харин таримал бэлчээр бүүр илүү зардал мөнгө ордог. Нөгөө талаар байгалийн нөхцөл байдлыг даван туулах чадвар муу. Яагаад гэвэл өөрөө тухайн байгальтайгаа дасан зохицож чадаагүй байдаг. Тиймээс амархан өртөмтгий, эмзэг, дасан зохицох чадваргүй гэдэг нь мэдэгдэж байсан. Хамгийн гол нь олон мал өгсөхийн оронд чанартай, ашиг тустай мал өсгөх хэрэгтэй. Хэнтий, Булганд их цөөхөн малтай байдаг. Хэнтийн буриадууд цөөхөн үхэртэй. Тэр нь ч чанартай. Өвс хадлан хангалттай бэлдчихнэ. Зовох юм байхгүй мал нь өсөөд, илүүг нь зарж борлуулаад сайхан амьдарч болж байна.

- Хүний хэрэгцээ тийм ч их биш шүү дээ?

- Тэгэлгүй яахав. Их биш. Улсын хэмжээнд малаа өгсөх нь зөв ч тэр малаа зөв ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Хоол тэжээлгүй болгоод өлсгөхийн хэрэг юун. Малаа өсгөхөд хэлэн дээр нь тавих идэх юмтай байх хэрэгтэй. Зуны хэдэн сар жаахан юм идээд сайн тарга хүч авч чадахгүй явтал өвөлтэй залгадаг. Өвлийг давж чадалгүй мал нь хорогддог. Тэрний оронд тоо хэмжээг нь зөв сайхан тохируулаад эр, сувайгаа заазлаад мөнгө болгоод байх хэрэгтэй. Малчин хүний ухаан холч байвал бэлчээр ч сайхан болчихно.

Нөгөөтэйгүүр, төр засаг малчин хүнд зориулсан оновчтой хуулийг нь гаргаад өгөх хэрэгтэй. Бэлчээрийг өмчлүүлж болохгүй ч урт хугацаагаар эзэмшүүлээд, ашиглуулах хэрэгтэй. Ингэж байж газар нутаг минь эзэнтэй болно. Эзэнгүй болохоор л бэлчээр нутгийг хамаагүй ашиглаад байгаа юм. Тодруулбал, зах зээл эхэлснээс бэлчээр эзэнгүйдэж талхлагдсан. Одоо харин гадаад, дотоодын төсөл хэрэгжиж малчид бүлэг болдог боллоо. Хамгийн анх Хустай орчимд малчдын гурван бүлэг байгуулагдаж байлаа. Газрыг нь зааж өгөхөөр баг, бүлгийн дарга нартай хамт явж байхад асуудал багагүй гарч байсан. Тухайлбал, зарим сум нь дан өвлийн нутагтай, зуслангийн газар байдаггүй. Архустай, Аргалант, Баянхангайд газар тариалан сангийн аж ахуй байсан болохоор зуслангийн газар байхгүй. Зуслангийн газар нь Улаанбаатар луу ойртож, Жирмийн хөндий рүү орж ирдэг юм.

Ер нь хэт олон Засаг захиргааны нэгжийн хуваарилалт манай улсад тийм ч  оновчтой байдаггүй. Зарим сум огт усгүй газар байрладаг бол, нөгөө нь дан устай газар байгуулагдсан байдаг. Засаг захиргааны хуваарилалт буруу байгааг бид аль эрт социализмын үеэс л ярьж ирсэн. Учир нь Монголчууд эрт дээр үеэс босоо уртрагийн дагуу нүүдэллэж ирсэн уламжлалтай. Тэгснээр говийнхон хойшоо нүүж, хангайнхан урагшаа нүүдэг байсан. Босоо бүслүүрээрээ нүүдэг,  хошууны зохион байгуулалттай байсныг сум аймаг болгож, нэг талаар суурин болгон хуваасан нь бэлчээр нутагт нөлөөлсөн.

Тиймээс одоо байгуулагдаж байгаа малчдын бүлгүүд ус булаг, бэлчээрийн тэгш байдлыг нь сайн тооцож зөв хуваарилах хэрэгтэй. Баг гэхэд зарим нь ууланд,  зарим нь зуслантай газар байна. Тэр уулын баг зусланд гарахын тулд өөр багийн нутаг зусах зайлшгүй шаардлага гарах тул тэр хоёр багийг нийлүүлээд өвөлжөө хаваржааг нь солбицуулж болно. Энэ талаар жаахан томоор харах хэрэгтэй байгаа юм даа.

- Өнөөдөр ч гэлээ ирээдүйн үр хойчдоо үлдээх газар нутаг гэж харж хандаж, хамгаалж, малчид хоорондоо дасан зохицох хэрэгтэй гэж үү?

- Тийм. Малчид өвөлжөөнийхөө бэлчээрийг хамгаалдаг учраас өвлийн бэлчээр тийм ч их доройтдоггүй. Яагаад гэвэл, тэнд ургасан ургамал ургаад, хагдраад шим тэжээл нь хөрсөндөө шингээд сайхан болчихдог. Тэр үед нь мал иддэг учраас бэлчээрт нөлөө байдаггүй. Тиймээс хавар дөнгөж цухуйж гарч ирэх, зун хоёрт их анхаарах хэрэгтэй. Дулааны улирлын бэлчээр их давтагдаж, талхлагдаж байна. Яагаад гэвэл тэр газраа их урт удаан хугацаагаар байрлаж байгаа. Иймд бэлчээр нутгаа сэлгэх тал дээр малчид харилцан ойлголцох нь ирээдүйд ач тусаа өгнө.

- Бэлчээрийн тухай хууль батлаад, 10 гаруй жилийн туршлага хуримтлуулсан Киргиз улсын малчдын байгууллагын төлөөллүүд манай улсад ирэх үеэр бэлчээрийг цөөн хоногоор ашиглах зарчмыг баримталдаг талаар хэлж байсан?

- Тийм. Бэлчээрийн сэлгээ гэдэг дөрвөн улирлаар ээлжлэн нүүдэллэх гэхээсээ илүү малчин зуны хоёр бэлчээртэй байхыг хэлнэ. Зуны эхэн 5 дугаар сард зусландаа буугаад 7 дугаар сард наадмын дараа заавал нүүдэг байх хэрэгтэй. 7-9 дүгээр сар хүртэл нөгөө газраа нүүж очих хэрэгтэй. 9 дүгээр сард намаржаандаа очиход болно. Намар мал нэг их ус уух гээд байдаггүй, оторлоод яваад өгдөг. Ямар ч байсан зун нүүдэл сэлгэх нь чухал. Тэгэхгүй бэлчээрээ бүтэн 5 сар ашиглаж, доройтуулаад байна.       

Зуны бэлчээрт удаан байсан айлын гадаа хогийн ургамал  ургачихсан, элс шороо бужигнаад л угтдаг. Гадаа нь зогсоход л шарилж үнэртээд ирдэг. Тэгэхээр энэ асуудлыг малчид анхааралдаа авч заавал хол нүүх хэрэггүй, ойрхон сэлгээд байхад л болно. Газрын хөрсөн дээрх ашигтай ургамлуудын өндөр 2 см болоод ирэхэд л “За ашиглалт боллоо” гэж үзэн дараагийн хэсэгт нүүж болно. 1 км хэртэй нүүхэд л хангалттай. Мал өөрөө мэдээд өвс ихтэй газартаа бэлчинэ. Ингэж л чадвал бэлчээр аяндаа сэргээд ирнэ.

Малчид бэлчээрийн тал дээрээ нэгдэхэд өөр нэг давуу тал гарч ирнэ. Олон малтай ганц айл тэр их малаа маллаж чадахгүй, өдөр бүр хониндоо явна. Хүн дандаа мал маллаад яваад байхгүй, амьдралын өөр асуудлуудад хүн хүч хэрэгтэй. Тэгвэл бэлчээрээ хамгаалж нэг дор байвал, хоёр гурван айл ээлжлээд малаа хариулаад явна гэдэг чинь өөр асуудал.

- Хүмүүс хамтаараа байж илүү үр дүнд хүрдэг шүү дээ?

- Дэлхий нийтийн жишгийг манайхан дагаж байна. Сайн байна. Хамгийн гол нь малынхаа бүтцийг сайжруулж, бэлчээрээ хамгаалах. Олон муу малаар яахав. хээлтэгч малынхаа тоог нэмэгдүүлээд “За би энэ онд тэдэн хонь хургалуулж, тэдийг нь өсгөнө, зарна” гэдгээ тооцох хэрэгтэй. Бэлчээрийг малчин хүн л хамгаална. Малчин хүн өөрийнхөө малын ашиг шимээс олсон мөнгөнөөс бэлчээртээ хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Магадгүй айл бүр нэг, нэг хонь нийлүүлээд мөнгө болгоод, түүгээрээ бэлчээрээ хамгаалж, бордоо аваад, бууц авч цацаад байх юм бол хөрөнгө оруулалт нь тэр болно. Ямар нэг юм хийхгүй  л бол тэр бэлчээр чинь дуусна. Хамаг юм дуусахаар малчин хүн хаачих юм.

Юуны өмнө ямааныхаа тоо толгойг бууруулна гэж бодохоос илүү одоо байгаагаа илүү чанаржуулах хэрэгтэй. Ямаа хаана илүү зохицсон байна гэдгийг сайн бодох хэрэгтэй. Ямаа нь Говь-Алтай зэрэг цөлөрхөг хээрийн бүсэд ихэнхдээ байдаг. Цөлөрхөг хээрийн газартаа зохицсон амьтан. Тэнд байгаа тэжээлийн хэмжээнд тааруулж ямааг өсгөх хэрэгтэй. Хангай нутагт ямаа нэг их өсгөөд байдаггүй шүү дээ.

Тухайн малчин айл ямаа, хониныхоо харьцааг сайн тэнцүүлж, 75/25 байлгах, эсвэл дээд тал нь 50/50 байж болно. Дараа нь чанар ашиг шимийг нь нэмэгдүүлэхийн тулд үүлдэр угсааг нь сайжруулах хэрэгтэй. Үүлдэр угсааг сайжруулна гээд гадаадын тийм, ийм үүлдэр гээд байдаг. Түүний оронд  тухайн айл өөрийнхөө хотонд байгаа хамгийн ноолуур сайтай ямааныхаа үр төлийг авч үлдээд, ноолуур багатайг заазлаад сүргийнхээ бүтцийг сайжруулахад л болно. Ихэрлэдэг ямаагаа аваад үлдчих хэрэгтэй. Ингэж хотон дотроо сайжруулалт хийж, бэлчээрээ сэлгээж өнжөөгөөд явчихвал малчин зовохгүй. Мал ч зовохгүй.

Малаа цөөрүүл гэж хэлэх хэрэггүй. Мал чинь хувийн өмч шүү дээ. Хүний амьдрах арга, амьдралынх нь эх үүсвэр. Тиймээс малаа чанаржуулж сайжруулахад анхаарал хандуулахад аяндаа сүргийн бүтэц зөв болоод ирнэ. Малчин хүн бэлчээр, нутаг усандаа эзний ёсоор анхаараад ирвэл байгаль аяндаа өгөөжөө өгөөд л явна. Буруу ашиглаад л байвал байгаль эцсийн эцэст хариугаа авч, бэлчээрийн талбай ч үгүй, мал өсгөх нь бүү хэл хүний амьдрах эх үүсвэр ч үгүй болно.

Монголчуудын хувьд газар тариалангаас гадна мал аж амьдралынх нь гол эх үүсвэр байсаар ирсэн. Мах хэрэглэдэггүй монгол хүн гэж үгүй. Тиймээс монгол түмний амьдралыг тэтгэгч мал сүргээ зөв сайхан өсгөж, бэлчээр нутгаа хамгаалахад малчин хүн чухал үүрэгтэй.

 

Ярилцсан сэтгүүлч:  П.Нарандэлгэр