Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Ганболд: Boeing 737 Max 8 загварын онгоцыг яах вэ гэдэг дээр эцсийн шийд гараагүй байна

Г.Номин, iKon.mn
2019 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Boeing 737 Max 8 загварын онгоцны нислэгийн түр хугацаагаар зогсоогоод байгаа. Үүнтэй холбогдуулан МИАТ компани үйлдвэрлэгч, түрээслэгч компанитай ямар асуудлуудын талаар хэлэлцэж байгааг МИАТ ТӨХК-ийн Нислэг, үйлдвэрлэл эрхэлсэн Тэргүүн дэд захирал Н.Ганболдоос тодрууллаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

- Өнөөдөр Boeing компанитай онлайн хурал хийсэн гэсэн. Уг хурлаар ямар асуудлууд яригдсан бэ?

-Boeing компаниас өнөөдөр Boeing 737 Max 8 загварын онгоцыг ашиглаж байгаа Азийн бүх орнуудыг хамруулан онлайн хурал зохион байгууллаа. Энэ удаагийн хурал хоёр дахь нь өмнөх хурлын үеэр тус компанийн зүгээс осолтой холбогдуулан хийж байгаа ажлуудаа танилцуулаад тус онгоцны нислэг хэзээнээс сэргэх вэ, сэргээхийн өмнө юу хийх шаардлагатай талаар ярьж байсан. Харин өнөөдрийн хурлаар авиа компаниудын асуултуудад хариулт өгч, мэдээллээ шинэчлэн танилцууллаа.

Дараагийн хурал онлайн хурал Баасан гарагт болно. Хурлын үеэр нисэх багийн сургалттай холбогдуулан авиа компаниуд юу хийх ёстой, үүн дээр Boeing компани ямар дэмжлэг үзүүлэх талаар болон тус онгоцны техник үйлчилгээний бичиг баримтууд дээр ямар өөрчлөлт орох талаар яриад явж байгаа. Үүнтэй холбоотойгоор зардал мөнгөний асуудал яригдаж, үйлдвэрлэгч гэдэг утгаараа Boeing компани авиа компаниудаа хэрхэн дэмжих талаар санал солилцож байна.

- Boeing компанийн зүгээс ямар дэмжлэг санал болгож байгаа вэ?

- Азийн бүсийн бүх авиа компани онлайнаар холбогдсон хурал болж байгаа учраас яг ямар дэмжлэг үзүүлэх талаар тодорхой яригдахгүй байгаа. Азийн бүс нутгийг хариуцсан захирал тойроод уулзалт хийгээд явж байгаа. Үүнээс гадна маргааш манай дээр Boeing компанийн нэг захирал ирж уулзана. Бидний зүгээс энэ уулзалтын үеэр гол асуултууддаа хариулт авч, эхний ээлжинд ерөнхий байдлаар тус компанийн санал болгож буй шийдэл, хариутай танилцана.

Boeing 737 Max 8 загварын онгоцтой холбоотой асуудлыг зөвхөн Boeing компанитай ярихгүй. Мөн түрээслэгч Avolon компанитай ярьж байгаа. Түрээсийн гэрээний дагуу бүх үйл ажиллагаа явагдана. Тус компанитай гуравдугаар сарын 28-ны өглөө уулзалт хийхээр төлөвлөөд байна. Энэ уулзалтын үеэр тавдугаар сард авчрах гэж байсан хоёр онгоцны талаар ярилцана.

Уулзалтуудын дараа мэдээлэл шинэчлэгдээд явна.

- Олон улсад зарим компани Boeing 737 Max 8 загварын онгоцыг тодорхойгүй хугацаагаар ашиглахгүйтэй холбогдуулан Boeing компаниас нөхөн төлбөр нэхэмжлээд эхэлсэн байна. МИАТ компанийн хувьд энэ  асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

- Boeing 737 Max 8 загварын онгоцны хувьд одоогийн ашиглаж байгаа онгоцуудаас олон давуу талтай. Тухайлбал шатахуун зарцуулалт багатай, сүүлийн үеийн дэвшилтэт технологитой, дуу чимээ багатай, зорчигчдын ая тухыг хангасан гэх зэрэг давуу талтай.

МИАТ компанийн зүгээс урьдчилан ямар нэгэн алдагдалтай холбоотой тооцоолол хийгээгүй байна. Онгоц нислэгт гарвал тэр үед эргэж хэдэн нислэг хийж, ямар хэмжээний ашиг олох боломжтой байсан талаар тоцооллыг хийнэ. Үүнийгээ Boeing компанид болон түрээсийн компанидаа мэдэгдчихсэн байгаа.

- МИАТ компанийн парк шинэчлэл хийх төлөвлөгөөний хүрээнд Boeing 737 Max 8 загварын гурван онгоц энэ онд ирнэ хэмээн мэдээлж байсан. Гэтэл тодорхой хугацаагаар Boeing 737 Max 8 загварын онгоцыг ашиглах боломжгүй болоод байна. Одоо ашиглаж байгаа онгоцуудыг үргэжлүүлэн хэр хугацаар нислэгт гаргах вэ?

- 2019 оны тавдугаар сарын 30-нд түрээсээр ашиглаж байгаа нэг онгоц буцна. Арванхоёрдугаар сарын 15-нд дахин нэг хуучин онгоц буцна. Уг нь бол Max загварын онгоцууд хуучин онгоцыг сольж орж ирж байгаа. Гэхдээ бидэнд одоогоор Boeing 737 Max 8 загварын онгоцыг яах вэ гэдэг дээр эцсийн байдлаар хариу өгөхөд эрт байна.

2019 оны тавдугаар сарын 30-нд түрээсээр ашиглаж байгаа нэг онгоц буцна.

Нэгэнт хуучин онгоцоо буцааж байгаа учраас оронд нь нисэх онгоцыг бэлэн байлгах ёстой. Тиймээс энэ асуудал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна.

- Boeing компанийн зүгээс осолтой холбогдуулан ямар нэгэн тайлбарыг өгсөн үү?

- Үүн дээр тайлбар өгөхөд эрт байна. Өчигдөр хар хайрцагнуудын бичлэгийг шинжилж эхэлсэн. Хамгийн багадаа 30 хоногийн дараа шинжилгээний хариу гарна хэмээн мэдэгдсэн. Шалгаж байгаа байгууллагуудын албан ёсны хариу гарсны дараа л үйлдвэрлэгчийн зүгээс хариу өгнө байх.