МИАТ ТӨХК Боинг 737 МАХ-8 онгоцыг "Avolon" компанитай байгуулсан гэрээний хүрээнд түрээслэхээр болсон билээ. Тус онгоц өнөөдөр 13:00 цаг орчимд Улаанбаатарт газардаж, шинэ онгоц хүлээн авах ёслолын үйл ажиллагаа боллоо.
МИАТ энэ жил Шанхай, Осака, БНХАУ-ын Гуанжоу хот руу шууд нислэг үйлдэхээр болсон байна. Түүнчлэн Монгол Улс, БНСУ хоорондын Агаарын харилцааны хэлэлцээрийг энэ оны нэгдүгээр сард шинэчлэн, Монголын талаас Улаанбаатар-Инчеон чиглэлд долоо хоногт 11 нислэг, БНСУ талаас долоо хоногт есөн нислэг үйлдэхээр болжээ. Монгол талаас үйлдэх 11 нислэгийг МИАТ гүйцэтгэхээр болсныг уг ёслолын ажиллагааны үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар хэлсэн юм. Мөн тэрбээр, Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн материаллаг баазыг бэхжүүлэх, нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлж байгаа энэ чухал цаг үед МИАТ хамгийн сүүлийн үеийн агаарын хөлгийг амжилттай хүлээн авч байгаад талархал дэвшүүллээ.
МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр "Шинэ онгоц маань түлш бага зарцуулдаг, сүүлийн үеийн дэвшилтэт технологитой, аюулгүй байдлыг хангасан, дуу чимээ багатай, зорчигчдын ая тухыг хангасан гэх зэрэг давуу талтай. Манай компани санхүүгийн түрээсээр 12 жилийн хугацаанд ашиглах гэрээ байгуулсан. Шинэ онгоцны туршилтын нислэгийг маргааш хийнэ. В737 МАХ-8 нь Европын чиглэлд нисэхэд хамгийн тохиромжтой. Тухайлбал, өмнө нь Боинг 737NG онгоцоор Москва руу нисэхэд түлш их зарцуулдаг учир жингийн хязгаарлалтад орж хоосон суудалтай нисэхээс өөр аргагүй байдаг. Харин Боинг 737 МАХ-8-ын хувьд бүрэн 162 зорчигчтой нисэх боломжтой" гэлээ.
В737 МАХ-8-ын зорчигчтой анхны нислэгийг хоёрдугаар сарын 4-ний өдөр Хонг Конг руу хийхээр төлөвлөж байгааг МИАТ ТӨХК-ийн Нислэг, үйлдвэрлэл эрхэлсэн Тэргүүн дэд захирал Н.Ганболд хэллээ. Мөн тэрбээр, "2011 онд МИАТ компани Боинг компанитай онгоц худалдан авах гэрээ байгуулж, нэг 767, хоёр 737 онгоцыг шууд худалдан авахаар тохиролцсон байсан. Уг нь Боинг 737 MAX-8 нь 2016 онд дээрх гэрээгээр орж ирэх ёстой байлаа. Гэтэл Боинг 767 онгоцыг худалдан авснаар МИАТ-ын санхүү хүнд байдалд орсон тул худалдан авах гэрээ нь тохиромжгүй юм байна гэж үзсэн. Ингээд бид гурван жилийн хугацаанд ажиллан түрээсийн компаниар дамжуулж түрээсэлж авч чадлаа. Хоёр дахь онгоц тавдугаар сард Монголд ирнэ. Энэ онд шинэ нисэх буудалд нүүж очих гэж байна, зах зээл тэлж байна. Тэгэхээр энэ өрсөлдөөнд бэлдэж байна гэж ойлгож болно" гэв.
Түүнчлэн 2021 онд МИАТ компани том онгоц худалдан авч, хуучин онгоцоо буцаах аж. Ингэснээр паркийн дундаж наслалт 2.4 болж, дэлхийн хамгийн залуу насжилттай авиа компани болно хэмээн албаны хүн хэллээ. Харин шинэ онгоцны сарын түрээсийн төлбөрийн тухай тодорхой мэдээллийг албаны хүн хэлэхээс татгалзаж, түрээсэлж буй бусад онгоцтой ойролцоо төлбөр төлнө гэлээ. МИАТ одоогоор Боинг 737 МАХ-8-аас гадна таван онгоц түрээсэлж байгаа юм.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!