Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн ерөнхий сайд асан Берлусконигийн эсрэг мэдүүлэг өгсөн модель бүсгүй хордуулсны улмаас амиа алджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Италийн ерөнхий сайд асан Силвио Берлусконигийн эсрэг мэдүүлэг өгч байсан Марокко гаралтай модель бүсгүй 34 насандаа хордуулсны улмаас амиа алдсаныг өмгөөлөгч нь зарлажээ.

Одоо Италийн прокурорууд үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Нэгдүгээр сарын 29-ний өдөр “хордлогын” шинж илэрсэн Имане Фадилыг Милан хотын эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд гуравдугаар сарын 1-нд амьсгал хураажээ. Задлан шинжилгээний хариуг гартал модель бүсгүй амиа алдсан тухай олон нийтэд мэдээлэхгүй байхаар шийдсэнээ өмгөөлөгч нь хэлсэн байна.

2011 онд Берлускони өөрийн харшид зохион байгуулдаг “бунга бунга” гэх хаалттай үдэшлэг дээр насанд хүрээгүй охидод төлбөр төлж сэкс хийдэг тухай мэдээлэл анх олон нийтэд тарж байв.

Фадил уг үдэшлэгийн байнгын зочдын нэг байжээ. Берлускони сүүлд энэ хэргийн улмаас ял сонссон ч 2015 онд Италийн дээд шүүхээс ялыг хэрэгсэхгүй болгож байв.

Фадил 2012 онд өөрийг нь дуугүй байлгахын тулд Берлусконигийн талынхан мөнгө төлснийг хуулийнханд мэдүүлж байжээ. Дараа нь тэр өөрийнхөө аюулгүй байдалд санаа зовж байгаагаа хэвлэлд ярьж байв.

Фадил сүүлд нь Берлусконигийн “бунга бунга” үдэшлэг дээр юу болдог тухай бичсэн ном гаргаж байсан юм. Түүний биенээс “зах зээлээс худалдан авах боломжгүй цацраг идэвхит бодис” илэрснийг Италийн хэвлэлүүд мэдээлж байна.

Ухаан алдахаасаа өмнө Фадил өөрийг нь хордуулсныг өмгөөлөгч болон гэр бүлийнхэндээ хэлж байжээ.

Фадилын нас барсныг сонссон Силвио Берлускони “Залуу хүн нас барсныг сонсоход үргэлж харамсалтай байдаг. Би түүнтэй хэзээ ч уулзаж, ярилцаж байгаагүй. Түүний бичсэн мэдүүлэг бол зохиомол юм” гэж хэвлэлд ярьжээ.

 

Эх сурвалж: Business Insider