Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

ОУВС-ийн тогтоосон сахилга бат хадгалагдвал 2025 онд ДНБ 38 их наяд төгрөгт хүрнэ

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 3 сарын 12
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засгийн дүр зураг эерэг байгаа хэдий ч болзошгүй эрсдлүүд хүчтэй сөрөг нөлөө үзүүлэхээр байна.

Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) Монгол Улсад хэрэгжиж буй Өртгөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр 2020 онд хэрэгжиж дуусна.

Тус хөтөлбөрийн нөлөөгөөр төсвийн сахилга бат харьцангуй сайжирч байгаа хэмээн үзэж буй. Хэрэв энэ сахилга бат суларвал төсвийн үзүүлэлтүүд эргээд муудна хэмээн Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (ЭЗСШХ) тооцоолжээ. Тус хүрээлэн “ОУВС-ийн Өртгөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтэд учрах эрсдлийн шинжилгээ” судалгаагаа өнөөдөр болсон “Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага-2019” сэдэвт хурлын үеэр танилцуулсан юм.

ЭЗСЭШХ-ийн судлаачид ОУВС-ийн IV шатны үнэлгээгээр гаргасан төсөөллүүд дээр суурилан 2016-2025 оны Монголын эдийн засгийн дүр зургийг тодорхойлжээ. Ингэхдээ:

  1. ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд тогтоосон төсвийн сахилга бат үргэлжилнэ  
  2. Дэлхийн зах зээл дээрх нүүрс, зэсийн үнэ өсөлттэй байна (Нүүрсний үнэ 80 ам.доллар байхаар тооцжээ)
  3. “Оюу Толгой” төслийн далд уурхайн үйл ажиллагаа эхэлнэ (Төслийн хүрээнд нийт 4.7 тэрбум доллар орж ирнэ) хэмээн тооцоход 2025 онд дараах үр дүнгүүд гарна гэж үзжээ. 

Үр дүнд: 

  • Бүтээмж жил бүр 2%-аар өснө
  • ДНБ жил тутам 5%-аар өсөж, 2025 он гэхэд 38 их наяд төгрөгт хүрнэ
  • Төсвийн алдагдал ДНБ-ий 2 хувиас бага болж төсвийн дүрэм хангагдах боломж бий болно
  • 2025 он гэхэд гадаадын нийт хөрөнгө оруулалт 17 их наяд төгрөг болно
  • Хувийн хадгаламж 40%-д хүрнэ 
  • Төсвийн тэнцэл ашигтай гарна
  • Засгийн газрын өр ДНБ-ий 50%-аас доош орж буурна.

Гэвч дээр дурдсан гурван хүчин зүйлд эсрдэл гарвал байдал муугаар эргэх нь ойлгомжтой. ЭЗСШХ дараах гурван шок болоход хэрхэхийг мөн тооцоолсон байна. Тодруулбал:

  1. Түүхий эдийн үнэ буурахад 
  2. Засгийн газрын зардал өсөхөд
  3. “Оюу Толгой”-н далд уурхайн төсөл гацвал дараах үр дүнгүүд бий болбол яах вэ гэдгийг тус тусад нь авч үзжээ. 

Аль ч шокийн хувьд макро эдийн засгийн үзүүлэлтүүд, хөдөлмөрийн зах зээлд сөрөг нөлөө үзүүлнэ. Мөн төсвийн алдагдал, Засгийн газрын өр өсөж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарыг биелүүлж чадахгүйд хүрнэ. Товчхондоо, ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бий болсон сайн үр дүн алга болж, байдал эсрэгээр эргэх магадлал байна гэдгийг ЭЗСЭШХ-ийн судлаачид онцолж байлаа.

Зөвхөн нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 65 ам.доллар болж, суурь төсөөлөлд авч үзсэнээс 15 доллараар буурахад ямар үр дүн гарахыг төсөөлбөл:

  • Экспорт 30% буурна
  • Бодит цалин буурна
  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2% хэмээн хязгаарладаг төсвийн алдагдал 2025 онд 2.9%-д хүрнэ
  • Засгийн газрын өр 50 биш 66%-д хүрнэ
  • Хөрөнгө оруулалттай холбоотойгоор барилгын салбарт хамгийн их эрсдэл бий болно хэмээн тооцоолсон байна. 

График 1, ДНБ  юу юунаас бүрддэг вэ, 2013-2018 он, Эх сурвалж: ҮСХ

 “2020 онд инфляц 5.9%-тай байна”

Эдийн засгийн төсөөлөл таамаглалыг хувийн сектороос дэвшүүлдэг болох үүднээс “Гэрэгэ партнерс” компани хагас бүтцийн загвар боловсруулж, “Макро эдийн засгийн хагас бүтцийн хэрэглээ: Богино, дунд хугацааны төсөөлөл” судалгааг анх удаа хийснээ уг хурлын үеэр танилцуулсан юм.

Учир нь энэ үзүүлэлтүүдийг Сангийн яам, Монголбанкнаас гаргадаг хэдий ч хувийн салбарын судалгаа танилцуулж байх нь тэнцвэрийг хадгална хэмээн үзсэнээ эдийн засагч Г.Рагчаасүрэн тодотгов. Түүний тооцоолсноор 2020 онд инфляц 5.9 хувьай байх нь. Гэхдээ энэ нь нийлүүлэлтийн гаралтай нөлөөллийг оруулаагүй дүн аж.

Уг судалгааны дүнгээр бол(Макро хувьсагчдын өөрчлөлт, %-аар):

  2019 он 2020 он
Бодит ДНБ 8.1 5.0
Өрхийн бодит хэрэглээ 1.3 2.7
Засгийн газрын бодит хэрэглээ 4.6 4.0
Нийт хөрөнгө оруулалт 10 12.3
Экспорт 4.6 4.2
Импорт 2.1 6.7
Уул уурхайн салбар 2.0 4.0
ХАА-н салбар 2.5 1.5
Бусад салбар 10.2 5.9
Инфляцын түвшин 6.3 5.9
Монголбанкны хүү 13.2 15.3
Ам.долларын нэрлэсэн ханш 2,742 2,887
Эрсдлийн хувь 4.4 5.4

“Гэрэгэ партнерс” компанийн хагас бүтцийн загвараар макро эдийн засгийн эдгээр үзүүлэлтийг гаргахдаа зөвхөн түүхий эдийн үнэ, нийт хөрөнгө оруулалт гэсэн хоёр тоон өгөгдлийг оруулж, бусад тооцооллыг загвар өөрөө тооцоолон гаргадаг байна.

Энэ аргачлалаас харахад уул уурхайн салбар 5-10%-ийн өсөлттэй байхад ДНБ 2-4% өсөж байгаа нь харагджээ. Түүнээс гадна ДНБ-ийг бүрдүүлж буй "бусад салбар" гэдэгт Бүтээгдэхүүний цэвэр татвар хэмээх үзүүлэлт бараг нэг салбар мэт байр суурь эзэлж байгааг салгаж тооцох нь ДНБ-ийг бодитой болгоно гэдгийг хуралд оролцогчид хэлж байв. Тухайлбал, өнгөрсөн онд бүтээгдэхүүний цэвэр татвар ДНБ-ий 10 гаруй хувийг эзэлжээ.