Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Зоригоо: Чихрийн шижингийн цогц эмчилгээг хийж эхэлсэн

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 3 сарын 1
iKon.MN
 

Дэлхийн хэмжээнд 2017 оны байдлаар 125 сая хүн Чихрийн шижингээр өвдөөд байгаа ба үүний 80 хувь нь Чихрийн шижингийн хэв шинж II буюу урьдчилан сэргийлэх боломжтой хэлбэр аж. Мөн чихрийн шижинтэй хоёр хүн тутмын нэг нь оношлогдоогүй байдаг. Хэрэв шинжилгээнд эрт хамрагдаж чадвал хүндрэлээс сэргийлэх боломжтой юм. Халдварт бус өвчлөлийн төрөлд ихээр тохиолдож буй энэ өвчин нь голдуу амьдралын буруу хэвшлээс үүсдэг тухай эмч, мэргэжилтнүүд хэлдэг.

Гэвч буруу хооллолт, хөдөлгөөний дутагдлаас үүдэн сүүлийн жилүүдэд энэ өвчнөөр залуус өвдөх нь олширсон бөгөөд чихрийн шижингээр өвдөх хүмүүст хүндрэл үүсэх тохиолдол ихэсжээ. Тиймээс “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг чихрийн шижингийн эмчилгээг багаар хийхээр болсон байна. Энэ талаар тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал, Зүрх судасны мэс засалч Ш.Зоригоотой ярилцлаа. 

-Чихрийн шижин өвчнийг эмчлэх баг ажиллахаар болсон байна. Яагаад багаар ажиллах болсон бэ?

-Нэгдүгээрт, өвчлөл нэмэгдэж, залуус өвдөх нь ихэссэн. Хоёрдугаарт, хүмүүс урьдчилан сэргийлэх аргыг сайн мэдэхгүй байна. Гуравдугаарт өвчилсөн тохиолдолд хаана хандах, хүндрэл гэж юу вэ, үүнээс яаж сэргийлэх вэ гэдэг мэдээлэл, мэдлэг дутмаг байгаа тул иргэддээ бүрэн мэдээлэл өгөх зорилгоор баг бүрдүүлсэн.

-Энэ багт ямар төрлөөр мэргэшсэн эмч нар багтан ажиллах вэ?

-Эмчилгээний багт дотоод шүүрлийн, зүрх судасны болон нөхөн сэргээх эмч нар ажиллаж байна. Тухайлбал, дотоод шүүрлийн эмч нь өвчтөний цусан дах сахарын хэмжээг хянаж, эмчилгээ хийн зөвлөгөө өгнө. Харин Зүрх судасны эмч хүндрэл гарсан судсыг оношлон эмчлэх бол хүндрэлийн улмаас хөлөөр шарх, үхжил бий болсон бол түүнийг нөхөн сэргээхээр гоо сайхан, нөхөн сэргээх мэс заслын эмч ажиллана. Түүнчлэн өвчтөн хүсвэл хооллолтын мэргэжилтэн цаашид баримталбал зохих хоолны дэглэмийг зөвлөнө.

Өөрөөр хэлбэл, чихрийн шижингийн цогц эмчилгээг хийж эхэлсэн гэсэн үг. Чихрийн шижин нь хооллолт, хөдөлгөөн, дэглэм сахихыг шаарддаг. Мөн тогтмол үзлэгт орж байх ёстой.

 

-Чихрийн шижингээр өвдөхөд хөлний хүндрэл үүсдэгийг ихэнх хүн мэдэх байх. Тэгвэл зүрх судсанд ямар хүндрэл үүсдэг вэ?

-Судас нь шаар шиг тэлдэг, уян хатан шинж чанартай. Чихрийн шижингийн үед судасны бүтэц өөрчлөгдөн хатуурч, нэг бол бөглөрч, эсвэл хагардаг. Хагарахад тархинд цус харвах, бөглөрвөл зүрхний шигдээс, нарийсвал бөөрний дутагдал үүсэх магадлал өндөр. Хамгийн гол нь судасны үйл ажиллагаа алдагдсанаар нийт эрхтэнд нөлөөлөх аюултай тул эмчилгээний баг ажилласнаар өвчилсөн судсыг тогтоож, зохих эмчилгээг хийнэ. 

-Өвдөхгүй байх боломж бий ч нэгэнт удамшсан бол яаж хүндрэлээс сэргийлэх ёстой вэ?

-Өвчин хүндрэх болон өвчилж байгаагийн гол шалтгаан нь хотжилтоос үүссэн амьдралын буруу хэвшил, хөдөлгөөний дутагдал, жин их байх. Мөн энэ өвчнөөр өвдөхөд стресс ч нөлөөлж байна уу гэж харж байна. Түүнчлэн хооллолтын буруу дадал ихээхэн нөлөөлдөг. Энэ өвчнөөс сэргийлэх арга зам нь хооллолт болон дасгал хөдөлгөөндөө анхаарах юм.  Жишээлбэл, хүмүүс гурилан бүтээгдэхүүн, жимс их хэрэглэх болсон. Орой бүр чихэрлэг жимс идэхтэй би хувьдаа санал нийлдэггүй.

2000 оны эхэн үеэс хооллолтын дэглэмд жимс хэрэглэх нь зүйтэй гэдэг зөвлөмж гарч байсан. Үнэн хэрэгтээ жимснээс авч буй сахар нь ёотонгоос ч их байдаг. Тэгэхээр орой бүр хэрэглэх нь хэр зохистой талаар бодох ёстой. 

-Цусан дах сахарын хэмжээгээ тогтвортой байлгахад хяналт чухал байх?

-Өвчин нь хүндэрсэн хүмүүсээс сахарын хэмжээг нь хэн хянаж байгааг асуухад өөрөө хянадаг гэдэг. Гэтэл хувь хүн өөрөө сахараа хянах боломжгүй бөгөөд зөвхөн дотоод шүүрлийн эмчийн хяналтад байх ёстой. Мөн хяналтын эмчээ солихгүй байхыг зөвлөе. Учир нь тухайн хүний жилийн өмнө ямар байсан, одоо биеийн байдал нь ямар байна, жин өссөн уу, буурсан уу гэх мэтчилэн бүгдийг мэдсэнээр эмчилгээний аргаа боловсруулаад явдаг. Харин эмчээ солиод байвал бүгдийг “0”-ээс эхлэх хэрэгтэй болно. Тиймээс хяналтын процессыг алдаж болохгүй. 

Шинжилгээгээр цусан дах сахарын хэмжээ их гарвал нэн даруй дотоод шүүрлийн эмчид хандан зохих дэглэмээ заалган, баримтлах нь хамгаас чухал. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.