Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Баярхүү: Улсын хэмжээнд нэг албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаагүй

С.Бадрал, iKon.mn
2019 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг

АТГ-аас сар бүрийн 25-нд хийдэг ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр болов.

Хурлын эхэнд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү 2019 оны хоёрдугаар сард хийсэн ажлын талаарх мэдээллийг хүргэсэн юм.

Орон нутагт давтагдан гарсаар байгаа нийтлэг зөрчлүүд:

  •         Хууль бус төлбөр хураамж тогтоож, түүнийгээ хяналтгүй захиран зарцуулдаг,
  •         Худалдан авах ажиллагааг хууль бусаар зохион байгуулж, танил тал, хамаарал бүхий этгээддээ тендерт шалгаруулан давуу байдал олгодог,
  •         Төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас чөлөөлсний улмаас төсөвт хохирол учруулдаг,
  •         Сум хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгийг хууль бусаар зарцуулж, нөхөн сэргээлт нэрээр гэрээ байгуулан ашигт малтмалын олборлолт явуулдаг,
  •         ИТХ-ын даргын нөөц хөрөнгө гэх төсвийн эх үүсвэрийг зарим аймагт бий болгосон,
  •         Албаны үйл ажиллагаандаа улстөржсөн байдлаар ханддаг, төрийн үйлчилгээнд хүнд суртал үүсгэдэг

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхээр байгуулсан Иргэний хяналтын зөвлөлийн 21 аймаг дахь гишүүдийг чадавхижуулах сургалт хийлээ. Эдгээр Иргэний хяналтын зөвлөлийн гишүүд нь төрийн бүх шатны байгууллагад иргэдийн хяналтыг хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 126 гишүүн 21 аймаг, яам, агентлаг, нийслэл, дүүргийн хэмжээнд АТГ-тай байгуулсан гэрээний дагуу ажиллаж байна.

Сайн туршлага: Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн Авлигатай тэмцэх газраас баталсан “Авлигын эрсдлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу өөрсдийн үйл ажиллагаанд эрсдлийн үнэлгээ хийж, уг эрсдлийг бууруулах ажлын төлөвлөгөө гаргасан. Түүнчлэн Авлигын эсрэг хуульд заасан авлигаас урьдчилан сэргийлэх үүргийг биелүүлэх зорилгоор байгууллагын хэмжээнд “Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх төлөвлөгөө” гарган ажиллаж байна.

АТГ-ын Судалгаа шинжилгээний албанааc зарим төрийн байгууллагуудын авлигын эрсдэлийг үнэлэх ажлыг зохион байгуулж байна.

Авлигын эрсдлийг үнэлэх төрийн байгууллагууд:
        1.Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг
        2. Нийслэл Өргөө амаржих газар
        3.П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг
        4.Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг
        5.Халдварт өвчин судлалын үндэсний төв
        6.Гэмтэл согог судлалын үндэсний төв
        7.Монгол Улсын Их сургууль
        8.Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
        9.Монгол Улсын Боловсролын их сургууль
        10.Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
        11.Авто тээврийн үндэсний төв
        12.Батлан хамгаалах Аж үйлдвэрийн нэгдэл
        13.МИАТ ТӨХК
        14.Монгол шуудан ТӨХК
        15.Хөдөө аж ахуйн бирж ТӨХК

Улсын хэмжээнд нэг албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаагүй

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын 2018 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /цаашид ХАСХОМ гэх/-ийг шинэчлэн бүртгэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллалаа.

АТГ-т мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 293 албан тушаалтнаас албан үүргээ гүйцэтгэж байгаа нийт 283 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд шинэчлэн гаргаж бүртгүүлэхээс 282 албан тушаалтан мэдүүлсэн, 1 мэдүүлэг гаргагч мэдүүлээгүй байна.

Одоогоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, ЗХЖШ-ын дарга, Эрчим хүчний зохицуулах хорооны гишүүн, БНСУ-ын Сөүл, Швед улсын Стокгольмын элчин сайдууд, БНХАУ-ын Эрээн хотын консул , Үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүн-4 буюу  нийт 10  албан тушаалд томилгоо хийгдээгүй байна.

Мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа болон цахим системээс нэгдсэн  дүн мэдээг гаргаж нэгтгэхэд төрийн захиргааны болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагын 41400 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж бүртгүүлэхээс хуулийн хугацаанд 41399 мэдүүлэг гаргагч /цахим-37489, цаасаар-3911/ буюу 99,9 хувь нь мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж баталгаажуулсан бөгөөд 1 мэдүүлэг гаргагч хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй байна.

2018 оны мэдүүлгээ гаргаж өгөөгүй мэдүүлэг гаргагчийн нэр:

Нэр
Албан тушаал
Үндэслэл
Тайлбар
1.
Х.Мандахбаяр
Жендерийн үндэсний хорооны гишүүн
Гаргаж өгөөгүй
Мэдүүлгээ гаргах талаар удаа дараа сануулсан боловч шалтгаангүйгээр гаргахаас татгалзсан.

2018 оны шинэчлэн мэдүүлгээ гаргасан мэдүүлэг гаргагчийн тоо өмнөх оноос 1,327 мэдүүлэг гаргагчаар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгаж, Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар гэж тусад нь салгасан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн ерөнхий газар гэх шинэ агентлаг байгуулагдсан, мөн  Мал эмнэлгийн үржлийн газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, Мал эмнэлгийн ерөнхий газар болж орон тоог нэмэгдүүлсэн, Хил хамгаалах ерөнхий газрын ангилал, зэрэглэлд өөрчлөлт орсон, мөн ТӨХК, ТӨҮГ, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд нэмэгдсэнтэй холбоотой.

Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3  дахь хэсэгт заасны дагуу хуулийн хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор холбогдох байгууллагууд тайлан мэдээгээ АТГ-т ирүүлэх үүрэгтэй бөгөөд 2019.03.01-нээс хойш улсын хэмжээний нэгдсэн дүн мэдээ гарна.

Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт нарийвчилсан шалгалт хийв

Төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 37 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт нарийвчилсан хяналт шалгалтыг явуулж байна.

Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан үндэслэлийн дагуу албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгасан байна.

Үүнээс:  

  •     Нийслэлийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сургалтын менежер Д.Даваасүрэн,
  •     Мөн сургуулийн сургалтын менежер Ц.Цэрэнхүү,
  •     Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл,
  •     Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нарын 4 этгээдийг Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-т заасны дагуу тус тус албан тушаалаас чөлөөлсөн.

Мөн:

  •     Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сургалтын менежер Н.Манлай,
  •     Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын ерөнхий зураач Г.Ганбаатар,
  •     Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат,
  •     Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын хөдөлмөр эрхлэлтийн тасгийн дарга Г.Ганзориг,
  •     Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Я.Оюунсүрэн
  •     Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр,
  •     Нийслэлийн соёл урлагийн гаүрын дарга Ж.Дамдинцэрэн,
  •     Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ,
  •      Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хууль, хяналтын хэлтсийн дарга Г.Мөнхнасан
  •     Худалдан авах ажиллагааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Амарбаяр нарын 10 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.3-т заасны дагуу цалингийн хэмжээ бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан байна.

Нийтийн албанд томилогдох 944 иргэний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянав

Тус хэлтэс тайлант хугацаанд Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 944 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүллээ. Түүнчлэн гомдол, мэдээлэлтэй холбогдуулан 1 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нарийвчлан шалгаж энэ талаарх хариуг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэж, хяналт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мөн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 5 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хянан үзэхэд тэдгээр нь тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал үүсгэх тул мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэн ажиллах талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хариуг хүргүүлсэн. Үүнд,

  •     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн харъяа Хэнтий аймгийн шинжилгээний албаны даргаар томилогдохоор нэр дэвшсэн Д.Адилбаяр
  •     Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Ө.Сумъяабаатар
  •     Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн О.Хуягтцогт
  •     Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Үйлдвэрлэлийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Д.Бямбасүрэн
  •     Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн К.Хавдилмалик нар тус тус байна.

Шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам” болон хуульд заасан болзол шаардлагыг хангахгүй албан тушаалтнууд томилогдохоор нэр дэвшиж байгаа тохиолдол гарч байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газраас ирүүлсэн урьдчилсан мэдүүлэг бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байна.

Тайлант хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 41 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэсэн.

Хэрэг бүртгэлтийн 280 хэрэг шалгаж байна

Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 2 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 33 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 13 гомдол, мэдээлэл буюу 39.4 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 10 гомдол, мэдээлэл буюу 30.3 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасан, 1 гомдол, мэдээлэл буюу 3.0 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 9 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 72.8 хувьтай байна.

Хүлээн авч шалгасан 33 гомдлын 18 буюу 54.5 хувийг Улаанбаатар, 15 буюу 45.5 хувийг орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байна.

2019 оны 2 дугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 377 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 7 буюу шалгасан хэргийн 1.9 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 23 буюу шалгасан хэргийн 6.1 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 3 буюу шалгасан хэргийн 0.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, 1 хэргийг өөр хэрэгт нэгтгэн шалгаж, одоо 343 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 280 хэрэг, мөрдөн байцаалтын 63 хэрэг байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 9 хувийг шийдвэрлэсэн.