Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Барилга баригдах явцад мэргэжлийн байгууллагууд ямар хяналт тавьдаг вэ?

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Барилга баригдах явцад холбогдох мэргэжлийн байгууллагууд, тухайлбал төрөөс ямар хяналт тавьдаг вэ?

Нийслэлийн хэмжээнд 2018 онд 557 барилга ашиглалтад орсноос 102 нь орон сууцны зориулалтынх байсан бөгөөд энэ нь 12,143 айлын орон сууц юм.

График, Нийслэлийн хэмжээнд ашиглалтад орсон орон сууцны тоо:

Эх сурвалж: Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар

Барилга баригдах явцад тухайн компани үүргийнхээ дагуу ажиллаж байгаа эсэхэд нь захиалагч тал, харин өөрийнх нь хийсэн зургийн дагуу баригдаж байна уу гэдгийг зураг төслийнхөн хянах ёстой хэмээн нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа хэлж байна. 

Мөн тэрбээр, “Бүх ажил нь дуусаж, бэлэн болсон барилгууд дээр л Улсын комисс ажилладаг. Тиймээс чанартай эсэхийг бид тогтоодоггүй. Захиалагч, гүйцэтгэгч өөрсдөө баталгаа гаргадаг. Ямар нэгэн зөрчил дутагдал байвал өөрсдөө хариуцлагаа хүлээх ёстой. Харин ямар материалаар баригдаж буй, зургийн дагуу баригдаж байгаа эсэхэд хөндлөнгөөс мэргэжлийн хяналтын газар хянах ёстой. Хяналт тавьж ажиллах эрхтэй ганц төрийн байгууллага нь мэргэжлийн хяналт гэсэн үг. Бид улаан шугам буюу анх зөвшөөрөл авсан талбайн хэмжээндээ барилга баригдаж байна уу гэдгийг шалгадаг” хэмээв. 

Ингээд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотод баригдаж буй барилгуудад хэрхэн хяналт, шалгалтыг зохион байгуулдаг талаар тодруулав. Тус байгууллагаас 2018 онд барилга, барилгын материал, хот байгуулалт, ус, дулаан хангамжийн хяналтын чиглэлийн шалгалтыг 286 аж ахуйн нэгжид хийхээс 244-ийг нь шалгажээ. Ингэхэд 139 нь “бага”, 69 нь “дунд”, 29 нь “их“ эрсдэлтэй хэмээн үнэлэгдэж, 301 зөрчлийг илрүүлжээ. Үүнээс 213 зөрчлийг арилгуулж, 129 заалттай 25 албан шаардлага, 15 дүгнэлт, улсын хоёр байцаагчийн акт үйлдэн, 11 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд 37.8 сая төгрөгийн торгууль ногдуулж барагдуулсан байна.

Эх сурвалж: НМХГ-ын 2018 оны үйл ажиллагааны бичмэл тайлан

Бага, их, дунд эрсдэлтэй гэдгийг хяналтын хуудсаар үнэлэх бөгөөд барилгын хийц төрлөөс хамааран таван янзын хяналтын хуудас байдаг аж. Жишээлбэл, бүрэн цутгамал болон цутгамал төмөр бетон хийцтэй барилгыг дотоод хяналтын систем, материалын чанар аюулгүй байдал зэрэг холбогдох хууль, дүрмийн дагуу 121 үзүүлэлтээр үнэлдэг тухай улсын ахлах байцаагч У.Ёндон хэллээ. 

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын Улсын ахлах байцаагч У.Ёндонгоос барилгын явцын хяналтын талаар тодруулахад “Төрийн хяналтын тухай хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус болон гүйцэтгэлийн шалгалтыг мэргэжлийн хяналтын байгууллага хийдэг. Энэ гурван шалгалтыг хийхдээ эрсдэлд суурилсан хяналт, шалгалтыг хийнэ. Тухайн объектыг эрсдэлтэй гэж үзвэл дараа ондоо зарлан хяналт шалгалтад хамруулдаг” гэсэн юм.

Барилгын гүйцэтгэл, явцын хяналтыг захиалагч тал болон зураг төслийн баг тавьж ажиллах ёстой гэдгийг тэрбээр мөн хэллээ. Өөрөөр хэлбэл, барилга гүйцэтгэлийн явцад төрийн байгууллагаас ойр ойрхон хянаж шалгах нь нэгдүгээрт, ашиг сонирхлын зөрчил үүсгэх магадлалтай, хоёрдугаарт, төрийн хэт хяналт нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд саад учруулж болохыг тайлбарлав.

Харин стандарт, дүрэм зөрчигдсөн, барилгад ноцтой эвдрэл гэмтэл, аюултай байдал үүссэн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллага учир шалтгааныг нь тогтоон ажилладаг аж.

2019 онд мэргэжлийн хяналтын байгууллагаас 260 гаруй барилгад төлөвлөгөөт хяналт, шалгалт хийж, 154 барилгад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ. Гэтэл Улаанбаатар хотод жилд дунджаар 700-800 барилга баригдаж буй тул явцын шалгалтыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Барилгын хөгжлийн төвийн Барилга захиалагчийн хяналтын алба мөн хяналт тавих чиг үүрэгтэй хэмээн У.Ёндон хэлсэн юм.

Барилга хүлээн авах Улсын комиссын бүрэлдэхүүнд сүүлийн хэдэн жил мэргэжлийн хяналтын байгууллага багтаж ажиллаагүй байж байгаад энэ жилээс комисст орсон билээ.

Энэ талаар “2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчдыг Улсын комисст оролцуулахаа больсон. Энэ хугацаанд барилгын чанар, аюулгүй байдалтай холбоотой зөрчил нэлээд гарсан. Үүнтэй холбоотойгоор эргэж оруулах шийдвэр гаргасан болов уу. 2018 оны Засгийн газрын 317 дугаар тогтоолоор Барилга байгууламжийн ашиглалтад орох дүрмийг дахин шинэчлэн батлахдаа Улсын комиссын бүрэлдэхүүнд мэргэжлийн хяналтын байгууллагыг оруулахаар болсон. Миний хувьд он гарснаас хойш 27 барилга дээр ажиллахад 15, 16 нь буюу 60% нь шаардлага хангаагүй буюу комисс ажиллах боломжгүй байсан” гэлээ.

Барилгуудад гарсан нийтлэг зөрчил нь өрөөг зориулалтынх нь дагуу ашиглаагүй, олон өрх амьдрах байранд ганц лифт суурилуулсан нь стандарт зөрчсөн, гадна тохижилтын ажил дутуу зэрэг байжээ.

Үүний зэрэгцээ барилгын агааржуулалтын төхөөрөмж, цонх, дулаан алдагдалтай холбоотой санал гомдол иргэдээс их ирдэг байна. Иргэдээс ирсэн гомдол бүрийн дагуу мэргэжлийн хяналтынхан цаг тухайд нь шийдвэрлэдэг гэдгээ дурдаж байв. Түүнчлэн эхний жилдээ ямар нэг байдлаар эрсдэлтэй гэж үнэлэгдээд, дараа жил нь төлөвлөгөөт шалгалтад хамруулах гэхэд тухайн барилга нь ашиглалтад орчихсон байх тохиолдол гардаг байна.

Энэ нь төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо сул байгааг ч илтгэж буй. Учир нь мэргэжлийн хяналтаас эрсдэлтэй гэж үнэлсэн байхад, улсын комисс хүлээн авчихдаг гэсэн үг. Тэгэхээр шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгасан эсэх нь эргэлзээтэй. Харин энэ жилээс мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар комисст орж ажилласнаар уг асуудлыг цэгцэлж болох юм. Төгсгөлд нь дурдахад, иргэдийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгөтэй холбоотой энэ асуудалд холбогдох хяналтын байгууллагууд хяналтаа чанаржуулахын дээр хоорондоо уялдаа холбоотой ажиллах нь чухал билээ.