Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн сайд Пакистан руу урсдаг голын урсгалыг хязгаарлана хэмээн сүрдүүлэв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Саяхан Энэтхэгийн захиргааны Кашмир мужид богино хугацаанд хоёр дараалан террорист халдлага гарсны дараа Энэтхэг-Пакистаны харилцаа муудаад байгаа билээ.

Халдлагуудын улмаас бараг 50 шахуу хүний амь үрэгдээд байгаа бөгөөд Энэтхэгийн тал Пакистаны засгийн газрыг өөрийн нутагт оршдог террорист байгууллагуудыг хянаж чадахгүй, өөгшүүлэн дэмжиж байна хэмээн буруутгасан юм.

Харин Пакистаны эрх баригчид террорист халдлагад ямар ч хамаагүй гэдгээ зарлаад байна.

Өчигдөр Энэтхэгийн усны нөөц хариуцсан сайд Нитин Гадкари Пакистан руу урсдаг голуудын урсгалыг хязгаарлах тухай мэдэгдсэн байна.

Тэрээр урсгалыг нь хязгаарласан голуудын усыг өөрийн Жамму Кашмир, Пунжаб мужууд руу урсгана гэж твиттер хуудсандаа бичжээ.

Дараа нь засгийн газрын эх сурвалж сайдын үгийг шинэ шийдвэр биш, арванхоёрдугаар сард Нарендра Модигийн танхимын гаргасан усны далан байгуулах шийдвэрийг давтаж сануулсан хэрэг гэж тайлбарласан байна.

Гэхдээ сайдын мэдэгдэл Пакистаны талд дарамт үзүүлэх гэсэн зорилготой нь тодорхой юм. Энэтхэгээс Пакистан руу Инд мөрөн болон түүний салбар голууд урсдаг бөгөөд уг урсгалыг 1960 онд байгуулсан гэрээгээр зохицуулдаг.

Гэвч сүүлийн жилүүдэд Энэтхэгийн тал гол мөрний урсгалууд дээр хаалт далан байгуулж эхэлсэн бөгөөд үүнийгээ хоёр орны хооронд байгуулсан гэрээг зөрчөөгүй хэмээн тайлбарлаж байгаа.

2016 онд Кашмир мужийн Ури хотод террористууд Энэтхэгийн цэргүүд рүү довтолсны дараа Шинэ Делигийн засгийн газар зарим далангийн төслүүдээ яаравчлан хэрэгжүүлж эхэлсэн юм.

Инд мөрний ус Пакистаны усалгаатай газар тариалангийн 80 хувийг тэтгэдэг тул маш чухал. Энэтхэгийн цорын ганц муслим хүн ам голлодог муж Кашмирт сүүлийн 30 орчим жил тогтворгүй байдал ноёрхож байгаа бөгөөд Шинэ Делигийн эрх баригчид үүнд хөрш Пакистаныг буруутгадаг юм.

 

Эх сурвалж: Reuters