Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ганхуяг: Аудитлагдсан тайлангаар ЭТТ 801.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан

A.Жаргал
2019 оны 2 сарын 20
iKon.MN

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн “25 дугаар суваг” телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт орох үеэрээ ярьсан ярианаас онцлох мэдээллүүдийг та бүхэндээ хүргэж байна.

1,072 хувьцааны ногдол ашгийн талаар:

Компанийн ТУЗ хуралдсан бөгөөд ногдол ашиг тараах талаар хараахан шийдвэр гараагүй байна. Аудитлагдсан тайлангаар “Эрдэнэс Тавантолгой” компани 2018 онд 801.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.  

Одоо “Эрдэнэс Тавантолгой” хөгжлийн нэгдүгээр үе шатанд ирж, төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх гэж байна. Тодруулбал, дотоод нөөц бололцоогоороо төсөл хөтөлбөрөө санхүүжүүлэх үү, олсон ашгаа ногдол ашигтаа тараах уу гэдэг хариуцлагатай шийдвэрийн өмнө ирсэн.

Ногдол ашиг тараахаар болбол хэдэн төгрөг хувьцаа эзэмшигчдэд ногдох вэ гэдэг талаар хариулах эрхгүй, ТУЗ эцэслэн шийднэ.

“Эрдэнэс Тавантолгой”-н IPO-ний талаар:

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар олон улсын зөвлөхүүдтэй гэрээ байгуулаад эхэлсэн. Бэлэн төслүүдээ санхүүжилтийг нь хийгээд хөдөлгөхөд бэлэн болчихлоо. Төмөр зам, нүүрс угаах үйлдвэр гэгчлэн төслүүдээ хэрэгжүүлэхэд 1.5-2.5 тэрбум ам.доллар хэрэгтэй. Компанийн санхүү бэхжсэн тул зарим төслийг дотоод нөөц боломжоороо санхүүжүүлэх боломж бүрдсэн бол зарим төслийг сонирхсон хөрөнгө оруулагчтай хамтран хэрэгжүүлнэ.

Шинэ гарцын талаар:

Бэлэн байгаа төсөл нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам. Суурь бүтэц нь 70 гаруй хувьтай хийгдчихсэн. Энэ жил маш их хэмжээний бүтээн байгуулалт хийгдэнэ. Зураг төсөл нь хийгдээд баригдсан тул дуусгах үүрэг нь компанид байгаа.

Оросын тал манайхтай хамтрах гээд хэд хэдэн удаа хэлэлцээ хийсэн. 2018 оны намар ОХУ-ын Тээврийн сайд, Гадаад хэргийн сайд нь ирээд тээврийн хөнгөлөлтийг Монголд 75% эдлүүлье гэдэг байдлаар гарын үсэг зураад явсан. Даанч тээвэр ложистик хүндрэлтэй, Чойр хүртэл 400 гаруй км шороон замаар л явах боломжтой. Хэрэв ложистикоо шийдчихвэл манайх өндөр үр ашиг хүртэх боломжтой.

IPO, хөрөнгө оруулалтын талаар:

“Эрдэнэс Тавантолгой”-д хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийсэн хүмүүс бий. Мөн өмнөх хэлэлцээ хийж байсан компаниудаа бид орхиогүй. Жишээ нь, “Чайна Энержи”. Эрчим хүч үйлдвэрлэлээрээ дэлхийн №1 бөгөөд Хятадын хөрөнгө оруулагч, эрчим хүч үйлдвэрлэгч, нүүрс олборлогч маш том компани. Энэ компанийн хөрөнгө оруулалт бидэнд ус, агаар мэт хэрэгтэй. Тус компанийн өөрийнх нь төмөр зам Гашуунсухайт-Ганц модны боомт хүртэл тавигдчихсан.

Бид зөвхөн IPO хийхээс гадна дотоод нөөцөөрөө санхүүжүүлэх, тодорхой төсөл дээр хамтарсан консорциум хэлбэрээр хамтарч ажиллахыг зорьж байгаа бөгөөд УУХҮЯ гурвууланг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа.

“Чайна энержи”-тэй санамж бичиг биш, гэрээний хүрээнд ажиллах бизнесийн ашигтай саналууд ярилцаад явж байна. Монголын талд ашигтай, нөгөө талд хэт давуу байдал олгоогүй ийм хэлэлцээрүүдийг хийж, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх ёстой. “Чайна Энержи”-гийн ард мэдээж төр засгийнх нь дэмжлэг байдаг. “Эрдэнэс Тавантолгой”-н ард улс төрийн бүх дэмжлэг байгаа. “Оюутолгой” шиг муу гэрээний үлгэр болохгүй.