Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Мадурогоос урвахыг Венесуэлийн зэвсэгт хүчинд Трамп уриаллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Венесуэлийн зэвсэгт хүчинд хандаж, Мадурог хамгаалахаа зогсоон хүмүүнлэгийн тусламжийг хилээрээ нэвтрүүлэхийг уриалжээ.

Хэрвээ уриалгыг хүлээж авахгүй бол эцэстээ “Нуугдах газаргүй, буцах аргагүй, гарах гарцгүй болж бүх зүйлээ алдах болно!” хэмээн хатуу анхааруулсан байна.

Венесуэлийн арми одоогоор ерөнхийлөгч Николас Мадурогийн талд үнэнч зогсож, хөрш Колумбийн хил дээр ирээд байгаа АНУ-ын хүмүүнлэгийн тусламжийг хилээр нэвтрүүлэхгүй хориглоод байгаа юм.

Трамп өчигдөр орой Майамид сонгогчидтой уулзахдаа дээрх үгийг хэлсэн байна. Уулзалтад оролцогсдын ихэнх нь Венесуэль, Кубын цагаачид байжээ. Флоридагийн өмнөд хэсэгт 100,000 гаруй Венесуэль гаралтай хүн амьдардаг нь АНУ дахь энэ үндэстний хамгийн их нягтралтай бүс нутаг юм.

“Та бүхэн Мадурогийн тушаалаар хүмүүнлэгийн тусламжийг хаах ёсгүй, жирийн иргэдийн тэмцлийг хүчээр дарах ёсгүй, сөрөг хүчнийхэн, ерөнхийлөгч Хуан Гуайдо болон түүний гэр бүлийн эсрэг хүч хэрэглэх ёсгүй” гэж хэлсэн Трамп Мадурог “Кубын тоглоомын хүүхэлдэй!” гэж нэрлэсэн байна.

Сүүлийн жилүүдэд Венесуэлийн гурван сая гаруй иргэн эх орноосоо дүрвээд байгааг НҮБ-ын тоо баримт харуулдаг. Одоогийн байдлаар тусламжийн ачаанууд Бразилын нутаг, Колумбын хилийн Кукута хот, Карибын тэнгисийн аралд тус тус ирээд байгаа юм.

Өнгөрсөн Ням гарагт АНУ-ын сенатор Марко Рубио Венесуэль-Колумбийн хилд зочлохдоо Мадурогийн шийдвэрээс үл хамааран тусламжийн ачааг хүргэхийн төлөө ажиллахаа амласан байна.

Бүгд Найрамдах Намаас сонгогдсон Флоридагийн сенатор Марко Рубио нь Куба цагаачийн үр удам юм.

 

Эх сурвалж: Time.Com