Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Суданы хоёр түшмэл улс орондоо энх тайван тогтоох мөнгөөр гэрээ засаж тохижуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Иргэний дайнд нэрвэгдсэн, дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг Өмнөд Суданд гал зогсоож, энхийг тогтоох үйлсэд хөрөнгийг нь зарцуулах ёстой сан байдаг.

Гэтэл энэ санд төвлөрсөн мөнгөний тэн хагасаар тус улсын засгийн газрын хоёр түшмэл гэр орноо засаж тохижуулсныг Британий “The Guardian” сонины эрэн сурвалжлах баг илрүүлжээ.

Дайтагч талуудын хооронд зуучилж, дайны ажиллагааг зогсоох зорилготой Шилжилтийн Өмнөх Үндэсний Хорооны шийдвэрээр $135,000 орчмыг албан тушаалтнуудын орон байрыг тохижуулахад зарцуулсныг нууцаас задарсан албаны бичиг баримт харуулж байна.

Хоёр албан тушаалтны нэг нь Өмнөд Суданы засгийн газрын тэргүүн шадар сайд Табан Дэн Гай, нөгөө нь тус улсын дэд ерөнхийлөгчийн суудалд томилогдохоор болоод байгаа Ребека Няндэн Дэ Мабиор ажээ.

Энхийг тогтоох үйл явцад шаардлагатай хөрөнгө мөнгөгүйн улмаас Өмнөд Суданы эрх баригчид олон улсын доноруудаас байнга тусламж хүсдэг.

Шилжилтийн Өмнөх Үндэсний Хорооны дэд тэргүүн, сөрөг хүчний төлөөлөгч Хенри Одвар зүй бус зарцуулалтыг зогсоох гэж тэмцээд чадаагүйгээ “The Guardian” сонинд ярьжээ. Хороонд гишүүнээр суудаг засгийн газрын төлөөлөгчид олонхын саналаар асуудлыг шийдсэн байна.

Өмнөд Суданд сүүлийн таван жил үргэлжилж байгаа иргэний дайнд амиа алдагсдын тоо 400,000 хүрсэн бөгөөд олон сая иргэн нь эх орноосоо дүрвээд байгаа.

Хүн амынх нь талаас илүү хэсэг болох долоон сая орчим хүн өнөөдөр НҮБ-ын тусламжийн хүнсээр амьдардаг юм.

Тус улсын эрх баригчид хөрөнгө мөнгө гамгүй зарцуулдгаараа алдартай. Өнгөрсөн оны долдугаар сард парламентын 400 гишүүнд хувьдаа автомашин худалдаж авахад нь зориулж $16 саяын зээл гаргаж байжээ.

Тухайн үед Өмнөд Суданы төрийн албан хаагчид цалингаа авалгүй олон сар ажиллаж байв. 

 

Эх сурвалж: The Guardian