Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикийн хар тамхины мафийн толгойлогчид оноохоор төлөвлөсөн ялыг АНУ-ын шүүх танилцуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Мексикийн хөдөө нутгийн ядуу амьдралаас улс дамнасан олон тэрбумын  эзэнт гүрнийг байгуулсан, дэлхийн хамгийн том хар тамхины мафийн босс “Эль Чапо” хочит Хоакин Гузманд оноох ялыг өчигдөр АНУ-ын шүүх танилцуулжээ.

Брүүклин дэх холбооны шүүх 61 настай Гузманыг нийт 10 гэмт хэрэгт буруутгасан байна. Хэрвээ ял энэ хэвээр батлагдвал тэр АНУ-ын шоронд бүх насаар хоригдох юм.

2006 оноос эхлэн Мексикийг доргиож байсан Гузман 2016 онд газар доорх хонгилоор дамжин шоронгоос оргосноосоо хойш таван сарын дараа баривчлагдаж, 2017 онд түүнийг АНУ-д шилжүүлж өгсөн байна. 

Сүүлийн хоёр сар хагасын хугацаанд 50 гаруй гэрчтэй үргэлжилсэн шүүх ажиллагаанаас АНУ-ын олон нийт Гузманы амьдардаг баруун хойд Мексикийн Синалоа картелын дотоод үйл ажиллагааны талаар асар их мэдээлэл олж авсан юм.

Гузманы тухай домог мэт яриа Синалоа мужийн ядуусын дунд яригддаг нь Робин Гүүдийн түүхийг санагдуулдаг байна. Прокурорууд түүнийг олон тонн кокайн, геройн, марихуана, метамфетаминыг бараг хорь орчим жилийн хугацаанд АНУ руу нэвтрүүлсэн, энэ хугацаанд хүч нөлөөгөө нэмэгдүүлэхийн тулд Мексикт олон тооны аллага үйлдэж, бусад өрсөлдөгч бүлэглэлүүдтэй дайтаж байсныг баримтаар тогтоожээ.

Шүүх хурлын явцад түүний тансаг баян амьдрал, өөрийн гараар хүний амь бүрэлгэж байсан, насанд хүрээгүй охидтой бэлгийн харьцаанд орж байсан зэрэг баримтууд дэлгэгдсэн юм.

1993 онд цагдаад буудуулж алагдсан Колумбийн мафийн босс Пабло Эскобарын дараа төрөн гарсан хамгийн том хар тамхины гэмт хэрэгтэнд тэр тооцогдож байна.

Гузманы бие хамгаалагч асан гэрчийн мэдүүлэг өгөхдөө түүнийг өрсөлдөгч бүлгийн гурван этгээдийн амийг өөрийн гараар хөнөөснийг баталжээ. Нэг хохирогчийг Гузман амьдаар нь булж байсан гэнэ.

2009 онд Форбс сэтгүүл түүний хөрөнгийн хэмжээг $1 тэрбум орчим гэж тооцоолоод дэлхийн баячуудын жагсаалтад оруулж байв. Дараа нь Гузманы хөрөнгийг тооцоолох боломжгүй гэж үзээд жагсаалтаасаа хасаж байжээ. Шүүх хурлын үеэр мөн Мексикийн авлигын ертөнцийн талаар зарим мэдээлэл ил болсон юм. Тухайлбал өнгөрсөн оны сүүлээр албан тушаалаасаа буусан Мексикийн ерөнхийлөгч асан Энрик Пена Нето $100 саяын авлигыг Гузманаас авч байсныг гэрчүүд баталсан байна.

Шүүх хурлын сүүлийн өдөр Гузман өөрийгөө хамгаалах мэдүүлэг өгөхөөс татгалзсан юм. Энэ үеэр тэр Нэтфликсийн “Narcos” цувралд өөрийнх нь дүрийг бүтээсэн Мексикийн жүжигчин Алехандро Эдда руу харан инээмсэглэж байжээ. Эдда тухайн үед шүүх хурлыг ажиглагчдын дунд сууж байсан юм.

 

Эх сурвалж: Reuters