Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

WeChat-ийн босс сар шинийн баяраар бүх ажилтандаа мөнгөтэй дугтуй бэлэглэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагийн өглөө Хятадын WeChat сүлжээг эзэмшигч Тенсент компанийн Шэньжэн дэх төв байрны гадна маш урт дараалал үүссэн байна.

Шалтгаан нь тус компанийн ерөнхийлөгч, Хятадын тэргүүн баячуудын нэг Пони Ма бүх ажилтнуудтайгаа “золгож”, уламжлал ёсоор мөнгөтэй дугтуйг хүн бүрт гардуулжээ.

Сар шинийн баяраар хятадууд хүүхэд залуустаа хонбао гэх мөнгөтэй улаан дугтуй бэлэглэдэг уламжлалтай. Пони Матай хамгийн түрүүнд нүүр тулж, гараас нь бэлэг авах гэсэн зарим ажилтан Даваа гарагийн оройн 8:00 цагаас компани дээрээ хоносон байна. Өөрөөр хэлбэл бүтэн 12 цаг хүлээсэн гэсэн үг юм.

Шэньжэн хотын Наншань дүүрэгт байрлах Тенсент компанийн байрны гадна бий болсон мушгирсан урт цуваа тус байрны 48 давхар хүртэл үргэлжилсэн байна.

 

Ажилтнуудын мэдээлснээр Пони Ма ажилтан тус бүрт 100 юань бүхий дугтуй бэлэглэжээ. Бусад удирдлагууд нь 100 болон 50 юань бэлэглэсэн бөгөөд нэг ажилтан нийтдээ 300 орчим юань авсан гэнэ.

Тенсент компани уг арга хэмжээнд хэдэн ажилтан оролцсон, хэр их мөнгө зарцуулсан талаар албан ёсоор мэдээлээгүй байна. Тус компани 2014 оны сар шинийн баярын өмнө мөнгөтэй улаан дугтуйг дижитал хэлбэрт оруулж, WeChat сүлжээндээ нэвтрүүлж байв.

Тэр жилдээ найман сая гаруй хятад хүн WeChat-ийн 40 сая улаан дугтуйг хоорондоо солилцож байжээ. Энэ үзэгдлийг өрсөлдөгч Алибабагийн үүсгэн байгуулагч Жэк Ма “Пёрл Харборын довтолгоо”-той зүйрлэж байв.

Энэ жилийн сар шинийн баяраар WeChat-ийн хонбаог 823 сая хүн ашигласан нь өмнөх жилийнхээс 7.1 хувиар өссөн байна.

Тенсент компани Хятад даяар 50,000 гаруй ажилтантай. Шэньжэнээс бусад хотуудын ажилтнууд нь WeChat-аар боссынхоо дугтуйтай мөнгийг хүлээж авсан байна.

 

Эх сурвалж: South China Morning Post