Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол улсын ардчилал, эрх чөлөөний үзүүлэлт АНУ-тай ойролцоо үнэлэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Вашингтонд байрладаг Freedom House судалгааны байгууллага 1973 оноос хойш жил бүр дэлхийн улс орнуудын ардчилал, эрх чөлөөний үзүүлэлтийг хэмжиж тайлагнасаар ирсэн юм.

Тус байгууллагын “Freedom In The World 2019” тайлан өчигдөр буюу Мягмар гарагт нийтлэгджээ. 2019 оны байдлаар ардчилалын үзүүлэлт дэлхийн 68 оронд муудаж, 50 оронд сайжирсан байна. Ерөнхийд нь дүгнэвэл дэлхий нийтийн ардчилал сүүлийн 13 жил дараалан доройтож байгааг уг тайланд харамсан дурджээ.

Ингэхдээ дэлхийн улс орнуудыг үнэлгээгээр нь “эрх чөлөөт”, “хагас эрх чөлөөт”, “эрх чөлөөгүй” гэсэн гурван хэсэгт хуваадаг юм.

Монгол улсын үнэлгээ энэ жил 100 онооноос 85 болж “эрх чөлөөт” ангилалд багтсан байна. Нийт 87 улс “эрх чөлөөт” ангилалд орсноос Монгол улс дээрээсээ 53 улсын дараа жагсаж байна. Ижил 85 оноогоор Хорват улс Монголтой эрэмбэ тэнцжээ. Монгол улс сүүлийн жилүүдэд тогтмол 85 оноо авч байгаа юм.

 

Сонирхолтой нь АНУ энэ жил 86 оноогоор Монгол улстай дараалж жагссан байна. Тус улс 2010 оны үзүүлэлтээсээ найман оноогоор буурч Белиз, Хорват, Монгол, Грек, Латви улсуудтай нэг түвшинд эрэмбэлэгдсэн нь судлаачдын анхаарлыг татаж байгаа ажээ.

Энэ жилийн ардчилал, эрх чөлөөний үзүүлэлтийг 100-аас 100 оноо авсан Финланд, Швед, Норвеги гурав тэргүүлсэн байна.

Ази, Номхон далайн бүс нутагт Монгол улс Австрали (98), Шинэ Зеланд (98), Япон (96), Тайваний (93) дараа жагсжээ. Энэ бүс нутагт “эрх чөлөөт” ангилалд багтсан Өмнөд Солонгос (83), Энэтхэг (75) улсууд Монгол улсын ард жагссан байна.

Бүрэн тайлантай энэ холбоосоор танилцана уу.

 

Эх сурвалж: Freedom House