Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Европын улсууд өнөөдөр Венесуэлийн шинэ удирдагчийг хүлээн зөвшөөрнө

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Их Британи, Герман, Франц, Испани  улсууд өнөөдөр буюу Даваа гарагт Венесуэлийн хууль ёсны удирдагчаар Хуан Гуайдог хүлээн зөвшөөрснөө зарлах гэж байна.

Эдгээр орнуудаас Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурод өгсөн тулган шаардлагын хугацаа Ням гарагийн шөнө дуусч байгаа юм. Тэд найм хоногийн дотор нээлттэй, чөлөөт сонгууль зохион байгуулахгүй бол сөрөг хүчний Хуан Гуайдог хүлээн зөвшөөрөхөө Мадурогийн засгийн газарт мэдэгдээд байв.

Хугацаа дуусахаас өмнө Европын Холбооны бусад хэд хэдэн орны удирдагчид, тэдгээрийн дотор Австрийн канцлерь Себастян Курц Венесуэлийн удирдагчаар Хуан Гуайдог сонгох нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлцгээжээ.

Харин Италийн засгийн газар Гуайдог дэмжихгүй байгаагаас Европын Холбоо нэгдсэн шийдвэрт хүрч чадахгүй байгаа юм. Одоогоор АНУ тэргүүтэй 20 улс Хуан Гуайдог Венесуэлийн хууль ёсны удирдагч хэмээн хүлээн зөвшөөрөөд байна.

Харин Николас Мадурог Орос, Хятад, Турк, Куба улсууд дэмжиж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Канадын нийслэл Оттавад Канад болон Лимагийн бүлэгт багтдаг Латин Америкийн орнууд Венесуэлийн хямралыг хохирол багатай даван туулах шийдлийг хэлэлцжээ.

 

Эх сурвалж: The Guardian