Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д тулгарч байгаа хамгийн том аюул заналуудыг тодорхойлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт АНУ-ын тагнуулын байгууллагуудын дарга нар сенатын тагнуулын байнгын хорооны гишүүдэд “Дэлхий дахины Аюул заналын үнэлгээ” нэртэй тайланг танилцуулжээ.

Тайланд АНУ-д тулгарч байгаа олон улсын хэмжээний гол аюул заналуудыг дурдсан байна.

Хамгийн эхэнд Хятад, Оросын зүгээс кибер халдлага явуулж байгаа нь дэлхийн хоёрдугаар дайны дараа тогтсон олон улсын дэг журамд учруулж буй хамгийн том аюул гэжээ.

Кибер халдлага, тагнуулын ажиллагаа, сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлогууд үүнд багтаж байна. Үүнд 2016 оны еөнхийлөгчийн сонгууль, 2018 оны конгрессын сонгуульд гадаадаас нөлөөлөх ажиллагаанууд явуулсныг дурдаад 2020 оны ерөнхийлөгчийн сонгууль ч ийм халдлагад өртөх өндөр магадлалтай байгааг Үндэсний Тагнуулын Газрын дарга Дэн Котс мэдээлжээ.

Дараагийн гол аюулууд нь Умард Солонгосын цөмийн зэвсэг, Исламын улс бүлэглэлийн дахин сэргэлт гэж дүгнэсэн байна.

Хэдийгээр өнгөрсөн онд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйлсэд ахиц гарсан ч тагнуулын мэдээллээр Пёньяны дэглэм бүх зэвсгээ хураалгах бодолгүй байгааг энэ үеэр мэдээлсэн байна.

Мөн Дональд Трамп Исламын улс бүлэглэлийг ялснаа саяхан зарласан боловч энэ террорист байгууллагын олон мянган гишүүн Сири, Иракт үлдсэн, тэд газар нутгаа өргөтгөхийг оролдохгүй ч олон улсын сүлжээгээ ашиглан дэлхий даяар хорлон сүйтгэх ажиллагаагаа үргэлжлүүлэх төлөвтэй байгаа гэнэ.

Эцэст нь АНУ-ын засаг захиргааны “хэт аминч” бодлогын үр дүнд тус улсын уламжлалт холбоотнууд, түншүүд Орос, Хятадтай ойртох нөхцөл үүсч байгаа нь Америкийн дараагийн том аюул занал гэжээ.

Үүнд Вашингтоны зүгээс NATO-гийн түншлэлийг сулруулах бодлого явуулснаар Европын холбоотнуудын аюулгүй байдал доройтож, өөр түнш хайхад хүрч болзошгүй гэнэ.

 

Эх сурвалж: Business Insider