Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

АТГ: УИХ-ын таван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол гарсан

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай Тэмцэх Газар сар бүрийн 25-нд ээлжит хэвлэлийн бага хурлаа хийдэг билээ. 

Хэвлэлийн хурлаас бид шууд дамжуулалт хийж байна. 

Шууд үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/395264297887562/


Оффшор бүсээс 74,993,452 ам.доллар тодорхой хэлбэрээр Монгол Улсад орж ирсэн болох нь тогтоогджээ

АТГ-ын 2018 оны тайланд:

2018 оны тухайд АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн нийт 10,381 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн байна. 

 Мөн Засгийн газрын 2017 оны 244, 326 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох зэрэг арга хэмжээг авсан талаар мэдүүлэх хуулийн хугацаанд үүргээ биелүүлж, оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан АТГ-т мэдүүлжээ. 

Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад оффшор бүсэд холбогдох этгээдүүд нь 85,933,063 ам.долларыг байршуулж байсныг тогтоосон. Үүнээс 74,993,452 ам.доллар тодорхой хэлбэрээр Монгол Улсад орж ирсэн болох нь шалгалтаар тогтоогдоод байна. Үүний 4.3 сая ам.долларыг биет байдлаар хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд оруулж ирсэн байгаа талаар АТГ мэдээллээ. 

Түүнчлэн Гэмт хэргийн шинжтэй 858 гомдол, мэдээллээс 447 гомдол, мэдээлэл буюу 52.1 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 327 гомдол, мэдээлэл буюу 38.1 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасан, 76 гомдол, мэдээлэл буюу 8.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 30 гомдлын үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 98.9 хувьтай байна.

2018 онд иргэд, байгууллагаас 1,887 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсны 858 нь гэмт хэргийн шинжтэй 858 гомдол, мэдээлэл байв. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал өргөдөл, гомдол, мэдээлэл 563 нэгжээр буюу 42.5 хувиар, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 200 нэгжээр буюу 30.4 хувиар тус тус өссөн үзүүлэлтэй байна. 

2018 оны байдлаар 1,473 үйлдэлтэй, 1,224 холбогдогчтой  1,138 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсныг 2017 онд 654 холбогдогчтой, 427 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөн үетэй харьцуулбал,  эрүүгийн хэрэг 711 нэгжээр буюу 2.7 дахин өссөн үзүүлэлттэй байна. Эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцдаа нийт 25  үйлдлийг шинээр нөхөн илрүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн үзүүлэлтүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг 224 нэгжээр буюу 2.7 дахин, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 2.1 дахин, харьяаллын дагуу шилжүүлсэн хэрэг 2.6 дахин, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 4.9 дахин, үлдэгдэл хэрэг 1.9 дахин тус тус өссөн үзүүлэлттэй байх ба мөрдөн шалгасан хэргийн 72.5 хувийг хуулийн анхны хугацаанд шийдвэрлэсэн дүнтэй байна.

2018 онд гэмт хэргийн улмаас 663,213,994,905 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 17,470,753,533 төгрөгийг нөхөн төлүүлж үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 180,650,089,526 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.

Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 10 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 5 дахин, хохирол нөхөн төлүүлэлт 6 дахин өссөн үзүүлэлттэй байна.

2017 онд шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн 106 хэргээс 46 /43.3/ эрүүгийн хэрэг шийдвэрлэж байсан бол 2018 онд нийт 224 хэрэг шүүхээр шийдвэрлүүлэхээр прокурорт шилжүүлснээс 84 /37.5 хувь/ хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн дүнтэй байна. Үүнд:

  • Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр, 
  • Боловсрол соёл шинжлэх ухааны яамны санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Батмагнай,
  • Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Ц.Баянсэлэнгэ,
  • Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан  Б.Оюундэлгэр,
  • НӨХГ-ын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, ахлах мэргэжилтэн Э.Энхтулга,
  • Төрийн орон сууц санхүүжилтийн корпорацийн хуулийн хэлтсийн дарга Б.Батбаатар,  
  • Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга А.Мейремхан,
  • Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлт хариуцсан байцаагч Б.Золбоо,
  • Баянгол дүүргийн татварын байцаагч А.Энхтүвшин,
  • Хан-Уул дүүргийн татварын байцаагч Н.Пүрэвдорж нарын,
  • Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын орлогч дарга, хурандаа Ж.Алтансүх,
  • ДЦС-4 төрийн өмчит үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал С.Анхбаяр зэрэг албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлээд байна.
  • АТГ-т мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдээс УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Эрчим хүчний сайд асан М.Сономпил, Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, ТОСК-ийн А.Гантулга, МХЕГ-ын газар, хэлтсийн дарга Б.Аззаяа, Д.Баярсайхан нарын албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн 76 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. 

2018 онд авлигатай холбоотой гомдол мэдээлэл, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийн тоо, ажлын ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан эрүүгийн 12 хэрэгт ТЕГ, ЦЕГ-тай хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тус ажлын хэсгүүдийг өдөр тутмын мэргэжлийн удирдлагаар хангаж, ажлын явцыг тухай бүр хэлэлцэн чиглэл өгч ажилласан гэв. 



СЭТГҮҮЛЧДИЙН АСУУСАН АСУУЛТУУДЫН ХАРИУЛТ:

- Оффшор бүсээс орж ирсэн мөнгөний тухай?

- Мөрдөн шалгах хэлтсийн дарга, Эрхэлсэн комисар Э.Идэрцог: АТГ мөрдөн шалгах хэлтэс дээр оффшор бүсэд данстай иргэдийн мэдээлэл задарснаас хойш дөрөв дугаартай хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ бүсэд мөнгө хадгалах нь бүхэлд гэмт хэрэг гэж үзэхгүй. Гэхдээ мөнгө болгоныг хөөн шалгаж байгаа.

- Ч.Даваанямыг баривчлан саатуулсан. Энэ талаар?

-1 дугаартай хэрэг дээр МУ-д нэлээд том хоёр ААН-ийн дансаар  удаа дараа орж ирсэн. Үүгээр мөнгө угаасан байж болзошгүй. Цаана нь ямар зориулалтаар мөнгө орж ирсэн, албан тушаалтан байгаа эсэх нь мөрдөн шалгалтаар тогтоогдоно.

- С.Баяр, С.Баярцогтын хэрэг юу болж байна вэ?

- Оффшортой холбоойтой С.Баярын хэрэг, С.Баярцогттой холбоотой хэрэг дээр ОТ-н гэрээ байгуулагдахаас өмнө гаднын хөрөнгө оруулагч компаниас хувьцаа эзэмшсэн, гэрээ байгуулагдсаны дараагаар хувьцааны үнэ өсөхөд зарж борлуулан их хэмжээний мөнгөтэй болсон нь албан тушаалаа ашигласан хэрэг гэж үзэн шалгаж байгаа.

- УИХ-ын гишүүн Батзандангийн эхнэрийн дансаар ЖДҮХС-гаас гарсан мөнгө орсон тухай?
- ЖДҮХС-тай холбоотой асуудалд мөрдөн байцаалтын хэрэг үүсгэн шалгаж байгаа. 1,031 төсөл хөтөлбөр ирсэн байгаа юм. 216 иргэн, хуулийн этгээд санхүүжилт авсан. Үүнийг АТГ шалгаж байгаа. Төсөл хөтөлбөрөөс зээл авсан ААН, иргэн бүрийг хууль зөрчсөн гэж ойлгож болохгүй. УИХ-ын гишүүний эхнэр зээл аваад түүнийгээ зориулалтынх нь дагуу хэрэглэсэн бол хууль зөрчсөн гэж үзэхгүй. Харин зээл авахад албан тушаалтан нөлөөлсөн бол шалгана. Энэ асуудалд ялгаж салгаж хандах ёстой. Бид шалгалтын хүрээнд ЖДҮХС-гаас зээл авсан төсөл бүрийг шалгаж байгаа.

- “УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очир 500 сая төгрөгийн хахууль авах гэж байгаад баригдсан, 87 орон сууцтай гэх мэдээлэл байгаа?
- Хахууль авсан хэмжээ нь 500 сая төгрөг биш. Албан ёсны бүртгэлтэй гурван орон сууцтай. Энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа.

Мөн Стандарт Банкнаас ЖАСТ групп зээл авсан гэх зургаан хүнтэй холбогдолтой хэрэг шүүхэд шилжсэн.

- ЖДҮХС-гийн асуудалд УИХ-ын 43 гишүүн холбогдон шалгагдаж байгаа гэсэн. Энэ тоо яг хэд вэ?
- Шүүхээр гэм буруутай нь тогтоогүй, шалгагдаж байгаа хэрэгт нэр заан хэлэх нь хуулиар хориотой. Харин УИХ-ын таван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол гарсан. Одоогоор хоёр гишүүн нь тогтоолтой танилцсан.

- С.Баяр болон Ч.Сайханбилэг нарыг шалгаж байгаа. С.Баярыг гадуур шалгаж байгаа гэсэн. Ч.Сайханбилэгийг гадаад улс руу явсан гэх мэдээлэл байна. Энэ талаар хариулт өгөөч?

- 2009 оны 10-р сарын 6-ны өдөр үзэглэсэн гэрээтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. 

Санхүүгийн болон мэргэжлийн албанаас бүрдсэн шинжээчдийн баг ажиллаж байна. Яллагдагчаар татан шалгаж байгаа нэр бүхий зургаан хүнээс байцаалт авч байгаа. Хилийн хоригтой учир гадаад улс руу зорчоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцтай танилцаад шаардлагатай гэж үзвэл хувийн батлан даалтад гаргадаг.

- Т.Ганболд саяхан нэр зааж хахууль өгсөн хүмүүсээ хэлсэн шүү дээ. Үүнтэй холбогдуулж хүмүүсийг шалгаж байгаа юу?

- Иргэн Т.Ганболд нэр бүхий хүмүүст хахууль өгсөн тухай мэдээлсэн. Үүнийг нарийвчлан шалгаж байна. 

- Т.Ганболд өөрөө олон хүнд авлига өгсөн гэдгээ хэлсэн. Түүнийг шалгах уу?
- Мэдээллийн хүрээнд шалгаж байна. Шаардлагатай бол энэ хүнд хахууль өгсөн хэргээр шалгах боломжтой.