Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Бид уучлахгүй хөдөлгөөн"-ий залуус технологийн дэвшил, олон улсын аргачлалыг ашиглаж Монголын авлигатай тэмцэнэ

Г.Жаргалмаа
2019 оны 1 сарын 23
iKon.MN

"Бид уучлахгүй хөдөлгөөн" хуулийн этгээд болж үүсгэн байгуулагдсантай холбогдуулан "Авлига, албан тушаалын хэргийг шийдэх шийдэл" сэдвээр мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/334199817192182/

Авлигын эсрэг тэмцэх залуучуудын байгууллага байгуулагдлаа. 

"Бид уучлахгүй" цахим жагсаалд нэгдсэн залуусын төлөөлөл албан ёсоор Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, "Бид уучлахгүй хөдөлгөөн" ТББ хэлбэрээр үүсгэн байгуулагдсан талаараа мэдээлэл хийлээ. Гол зорилго нь авлигын эсрэг залуучууд тэмцэх шаардлагатай гэж үзсэн бөгөөд олон улсын арга туршлагыг ашиглан Монголд нүүрлээд буй авлигатай тэмцэнэ гэдгээ иэрхийллээ. 

Транспаренси интернэшнл олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар манай улсын иргэдийн 49% нь авлигыг үгүй болгоно гэдэг итгэлгүй болжээ. Тэд "Авлигын эсрэг тэмцвэл үр дүн гарахгүй" хэмээн үзсэн байна. Түүнчлэн авлигын талаар хэн ч АТГ-т мэдээлэл өгөх эрх нээлттэй байдаг ч мэдээлэл өгсөн хүний ажил албан тушаал, гэрийн хаяг зэрэг бүхий л хувийн мэдээллийг шаарддаг тул иргэдийн 39% нь энэ талаар мэдээлэл өгөхөөс айдаг байна. 

Тиймээс тус хөдөлгөөн Засгийн газар, яамд, агентлагууд, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд, тусгай сангууд зэрэг төрийн байгууллагууд болон төрийн өндөр албан тушаалтнуудын холбогдох мэдээллүүдийг нийтэд ил тод байлгах замаар датад суурилсан авлигын эсрэг иргэний хяналтыг хөгжүүлэхэд санаачилгатай ажиллахаа мэдэгдлээ. Тодруулбал, "Бид уучлахгүй хөдөлгөөн"-ий залуус хоёрдугаар сарын сүүлчээр вэбсайтаа нээж, гар утасны аппликэйшнээ танилцуулахаар төлөвлөжээ. Үүнд иргэдийн хандив хэрэгтэй гэдгийг энэ үеэр хэллээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Тэд энэхүү загваруудаа ашиглан иргэдээс авлигын талаар мэдээлэл авахаас гадна цахим гарын үсэг цуглуулдаг болох аж. Тухайлбал, аливаа нийгмийн асуудлаар 10,000 хүн цахим гарын үсэг зурвал Засгийн газар, 100,000 хүн гарын үсэг зурвал УИХ-аар уг асуудлыг хэлэлцдэг олон улсын жишгийг нэвтрүүлэх тухай тус ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Мөнхцэлмэг дурдав. 

Мөн төрийн сангийн зээл, тэтгэлэг, бүхий л хөтөлбөр, төсөл арга хэмжээ зэрэг төрийн байгууллагуудын мэдээллийг ил тод болгох шаардлагыг тавих аж. 

Үүний тулд Нийтийн сонсголын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг таван хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хууль эрх зүйн хувьд боломжтой болохыг мөн судалжээ.