2019/07/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,659.50₮
B30
УЛААНБААТАР
29°
|
17°
B30
УЛААНБААТАР
30°
|
17°
B30
УЛААНБААТАР
27°
|
18°
20:00
S30
26°
21:00
S29
24°
22:00
S26
20°
23:00
S26
18°
00:00
S26
17°
01:00
S26
16°
02:00
S26
15°
03:00
S29
15°
04:00
S29
14°
05:00
S29
14°
06:00
S30
15°
07:00
S30
16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/23 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эдийн засгийн өсөлтийн сүүдэр

Д.Мягмардорж
2019 оны 1 сарын 23
Үндэсний шуудан
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын эдийн засаг сүүлийн хоёр жил гадаад, дотоодын шинжээчдийн таамагласнаас давсан өсөлт үзүүлсэн. Улсын төсөв ч анх баталснаасаа ахиу орлого олсон зэрэг голлох үзүүлэлтүүд ашигтай гарч эхэлснээс өнгөрсөн оныг жинхэнэ утгаар нь сэргэлтийн жил байсан гэж үзэж болохоор байна. Урьдын адилаар өнгөрсөн онд уул уурхайн салбар эдийн засгийн гол хөдөлгөгч хүч байсан нь ойлгомжтой.

Шинжээчдийн таамаглаж буйгаар энэ байдал ойрын зургаан сардаа лав хадгалагдах аж. Харин оны сүүлч, ирэх оны эхэн гэхэд хаашаа эргэхийг зөгнөх эрт байна. Учир нь дэлхийн улс төрийн харилцааг дагасан эдийн засгийн ашиг сонирхол аль тал руугаа ч эргэж мэдэх байдалд шилжсэнийг ажиглагчид тодотгох болсон. Харамсалтай нь Монгол бол геополитикийн бодлого тодорхойлогч улс биш учраас үүнийг “анхааралтай ажиглах”-аас өөр замгүй.

Дээр нь Монголын түүхий эдийн зах зээл гадаад худалдааны хараат учраас үнийн өсөлтийг бодлогоор зохицуулах боломжгүй. Харин нүүрс, зэсийн үнийн савалганаас бусад салбарт ирэх дарамтыг бууруулах бүрэн боломжтой. Хамгийн наад захын жишээ дурдвал, арилжааны банкууд дахь чанаргүй зээл улаан шугам давж, санхүүгийн салбарын 95 хувийг бүрдүүлж буй банкны системээ бүхэлд нь татаж унагах хэмжээнд хүрээнд байгаа. 2013 оноос тасралтгүй өссөн банкны салбарын чанаргүй зээл өнгөрсөн жил 631.5 тэрбум төгрөг буюу 54.8 хувиар өсөж, 1.8 их наяд төгрөгт хүрсэн.

Үүнийг нийт зээлийн хэмжээтэй харьцуулахад 10 хувийг давсан муу үзүүлэлт болоод байгаа. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээлсэн 10 төгрөг тутмынхаа нэгийг буцаан авч чадахгүй алдагдал хүлээх болсон байна. Чанаргүй зээл ийнхүү огцом өсөхөд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн активын чанарын үнэлгээний хүрээнд банкнуудын баланс дээр тохируулга хийсэнтэй холбоотой хэмээн Төв банкнаас тайлбарлаж байгаа ч эдийн засгийн идэвхжил дагасан хэрэглээ, импортын өсөлт үүнийг дэмжсэн гэдгийг бас үгүйсгээгүй. Зөвхөн өнгөрсөн оны импортын өсөлтийг авч үзэхэд, 40 хувь давжээ.

ЭДИЙН ЗАСГИйН голлох САЛБАРУУДЫН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ ҮЙЛДВЭРЛЭСЭН ХЭВЭЭР БАЙНА

Монгол Улс чөлөөт зах зээлийн системд шилжсэнээс хойш 33 арилжааны банк үүссэн байдгийн ердөө 14 нь одоо ажиллаж, бусад нь дампуурахад тухайн банкны чанаргүй зээл голлон нөлөөлсөн байдаг аж. Хамгийн сүүлд дуулиантайгаар дампуурлаа зарлаж, хадгаламж эзэмшигчид хохироод үлдсэн “Хадгаламж” болон “Анод” банкны асуудал ч зээлдэгчид нь зээлээ төлөөгүйгээс үйлдэлтэй байсан. Тэдгээр банкуудын томоохон зээлдэгчид голдуу уул уурхай лиценз барьцаалсан байдаг нь бас л анхаарах асуудал. Тиймээс өнгөрсөн онд үйлдвэрлэгдсэн 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээл аль салбарт голлон төвлөрч байгааг авч үзье.

Өнгөрсөн онд барилга, боловсруулах, үл хөдлөх хөрөнгийн салбарын зээлийн чанар муудсан нь дээрх сөрөг өсөлтөд голчлон нөлөөлсөн байна. Тухайлбал, барилгын салбарын зээлийн чанар огцом муудаж, чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн 49 хувийг бүрдүүлжээ. Үүний араас нөгөө л уул уурхай салбар удаалсан хэвээр байна. Тэгвэл УИХ-аас баталсан энэ оны төсөвт барилгын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийгдэх төлөвтэй байгаа юм.

Төсөв тэлж батлагдсан учраас банкуудын зээлийн эх үүсвэр нэмэгдэж, хадгаламжийн байгууллагуудаас иргэд болон аж ахуйн нэгжид олгох зээл өсөхөд эх үүсвэр болж байна. Үүнийг дагаад төрийн бараа, үйлчилгээний зардал мөн нэмэгдэхээр байгаа. Засгийн газар дотоодын үнэт цаасны арилжаагаа зогсоосон бодлогоо үргэлжлүүлбэл, арилжааны банкууд бизнесийг зээлийг дэмжихээс өөр аргагүйд хүрэх нөхцөл ч давхцах боломжтой.

Харин Төв банк өнгөрсөн оны сүүлчээр бодлогын хүүгээ өсгөснөөр, оны туршид зөөлөн байсан мөнгөний бодлого хатуу төлөв рүү шилжсэн. Уг арга хэмжээг авахаас өмнө хэрэгжсэн мөнгөний зөөлөн бодлого өнөөдрийн чанаргүй зээлийн тэлэлтийг дэмжсэн юм.

ИРГЭДЭД ОЛГОСОН ЗЭЭЛ САНАА ЗОВООСОН ХЭВЭЭР БАЙНА

Банкны системийн хэмжээнд өөр нэг санаа зовоох болсон асуудал нь иргэдийн хэрэглээний зээл огцом өссөн явдал. Нэг талаар эдийн засгийн байдал сайжирч, иргэд ирээдүйдээ итгэлтэй болсны илрэл ч, нөгөө талаар иргэдийн амьжиргааны орлого тоймтой сайжраагүйг хэрэглээний зээл чанаргүйдэх болсон явдал илтгэж байна. Өнгөрсөн оны III улирлын байдлаар иргэдийн хэрэглээний өссөнтэй холбоотойгоор банкуудын зээлийн бүтэц өөрчлөгдөх хандлагатай болсон.

Хэрэглээний зээл нийт зээлийн 26 хувийг бүрдүүлсэн нь 2017 оныхоос дөрвөн хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Иргэд ирээдүйгээ барьцаалан зээл авах нь нэмэгдсэнээр ямар үр дүн авчирч болзошгүйг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа ярихдаа “Иргэдийн өрийн дарамт сүүлийн 7-8 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн байна. Энэ үзүүлэлт ДНБ-ний 17-18 хувьтай тэнцдэг байсан бол 2018 онд 33-35 хувьтай тэнцэх хэмжээтэй болсон.

Арилжааны банкуудаас зээлийн мэдээллийг аваад үзэхээр иргэд ихэвчлэн сарын орлогынхоо 70 гаруй хувийг нь зээлийн төлбөрт шилжүүлж байсан. Зарим тэтгэврийн зээл 100 хувь зээлийн төлбөрт явж байна. Энэ нь нийгэмд эмзэг байдлыг бий болгож байгаа. Арилжааны банкууд харилцагчдын хадгалуулсан мөнгөөр бизнес хийж зээл гаргадаг. Энэ утгаараа иргэдийн хэрэглээний зээл ч банкны системийн тогтвортой байдалтай холбоотой.

Өнөөдөр чанаргүй зээлийн дунд иргэдийн хэрэглээний зээл бага дүнтэй байгаа боловч цаашдаа арилжааны банкны тогтвортой байдал, цаанаа харилцагчдын мөнгийг хамгаалах асуудал яригдана” гэсэн. Цагаан сарын баярын өмнө иргэд, тэр дундаа ахмадууд зээл авах нь олширдог. Тиймээс зарим арилжааны банкуудын тэтгэврийн зээлийг хүүг бууруулж, нийт тэтгэврийн 70 хувьтай тэнцэх хэмжээний зээл олгож байхаар Засгийн газраас зохицуулалт хийсэн юм.

Мөн Монголбанкнаас арилжааны банкнаас иргэдэд олгож буй хэрэглээний зээлийн хэмжээг өрхийн орлогын 70 хувьд барих, хугацааг нь хамгийн ихдээ 30 cap байхаар тогтоосон. Энэ арга хэмжээ энэ сарын 1-нээс хэрэгжээд эхэлсэн юм. Эдгээр арга хэмжээг авсны дүнд иргэдийн зээл чанаргүйдэх эрсдэл буурна гэж тооцсон. Арилжааны банкуудын хувьд 90 хүртэл хоног хэтэрсэн зээлийг “хугацаа хэтэрсэн” ангилалд багтаадаг бол 91-ээс дээш хоног хэтэрсэн зээлийг “чанаргүй” хэмээн бүртгэж байна.

Дээр дурдсанчлан арилжааны банкуудын активын чанарын үнэлгээний хүрээнд хийсэн өөрчлөлтөөр банкны системийн чанаргүй зээл өсч харагдах болсон гэдгийг зарим эдийн засагчид хэлж байгаа. Активын үнэлгээ хийгдсэний дараа Төв банкнаас арилжааны банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх хугацаатай үүрэг өгсөн. Тэгвэл арилжааны банкууд өнгөрсөн онд 505.4 тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлжээ. Анх ийм үүрэг өгөгдөхөд 511 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байсан. Өөрөөр хэлбэл,ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн активын чанарын үнэлгээгээр банкны систем эрүүлжсэн гэж үзэж болохоор байна.  

Гэвч чанаргүй зээл сүүлийн зургаан жил дараалан өссөн, ялангуяа сүүлийн нэгжилд огцом нэмэгдсэн нь санхүүгийн салбартаа сөргөөр нөлөөлөхөөр байгаа юм. Тиймээс Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс өнгөрсөн онд чанаргүй зээлийг бууруулах стратегийг баталсан. Энэ хүрээнд өр төлбөрийг шүүхийн журмаар албадан барагдуулах ажиллагааг сайжруулах, дампуурлын хуульд өөрчлөлт оруулах зэрэг зорилтууд дэвүүлээд байгаа.

Мөн Төв банк мөнгөний бодлогын үндсэн чиглэлдээ актив удирдлагын компани байгуулах ажлыг төлөвлөж батлуулжээ. Эдгээр арга хэмжээг авснаар банкны системийн чанаргүй зээлийн хувийг 2021 он гэхэд 4-5, 2023 он гэхэд 2-3 хувь хүртэл бууруулах зорилт дэвшүүлээд байгаа.

Хэрэв дээрх арга хэмжээнүүдийг авч чадахгүй бол арилжааны банкуудын үйл ажиллагаа доголдож, өнөөдрийн эдийн засгийн өсөлтөө хазаарлаж эхлэхээр байгаа юм. Чанаргүй зээл өссөнөөр банк зээл олголтоо хумьж, зээлийн барьцаа хөрөнгөнд хэт өндөр шаардлага тавьж, эрсдэл өндөртэй салбарт нэмэлт санхүүжилт олгохоос зайлсхийдэг байна. Монголын банкны салбарт энэ хандлага ажиглагдаж байгаа бөгөөд 2010 оны эцэст зээл банкны активын 66 хувийг бүрдүүлж байсан бол өнгөрсөн оны эцэст 47 хувьд хүрч, 19 хувиар буурсан дүнтэй байна. Энэ жишгээс авч үзвэл, чанаргүй зээлийн өсөлт цаашид бизнесийг тэтгэдэг зээл олголтоо бууруулан, эдийн засгийн хүндрэлд хүргэх төлөвтэй болжээ.

Үүнээс сэргийлэхийн тулд эхний ээлжид бизнесийн зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлж, зээл олголтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Өнгөрсөн онд үүсээд буй эдийн засгийн өсөлт, идэвхжлийг дагаад бизнесийн зээл, иргэдийн хэрэглээний зээл нэмэгдэж байна. Манай эдийн засгийн бүтэц зөвхөн уул уурхайн салбарын гадаад эрэлтээс өндөр хамааралтай эмзэг эдийн засаг.

Манай судлаачдын ажиглалтаар гадаад орчны тодорхой бус байдал цаашид улам нэмэгдэж болзошгүй. Хэрвээ экспортын орлого, улмаар эдийн засагт орох орлого буурвал зээлийн эргэн төлөлт буурч, санхүүгийн сектор хүнд байдал орно. Өрхийн бодит орлого буурвал иргэдийн төлбөрийн чадвар суларч дагаад зээлийн чанар муудан, нийт хэрэглээ хумигдаж эдийн засгийн уналт үүсэх эрсдэлтэй” хэмээн ярьсан байна.

x