Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

БАЯН ХООСНЫ ЯЛГАА: Топ 26 тэрбумтны хөрөнгө дэлхийн хүн амын ядуу хагасынхтай тэнцэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Швейцарийн Давос хотод удахгүй болох дэлхийн эдийн засгийн чуулганы өмнө Oxfam байгууллага жил бүрийн баян, ядуугийн тайланг гаргаснаа танилцуулжээ.

Тус байгууллагын дүгнэснээр 2018 он бол баян нь улам баяжиж, ядуу нь улам ядуурсан жил байсан байна. Тиймээс хүн амын хөрөнгөтэй хэсгээс авдаг татвараа нэмж, баян ядуугийн зөрөөг багасгахын төлөө ажиллахыг Oxfam улс орнуудад уриалжээ.

Тухайлбал манай гарагийн хамгийн баян 26 хүний хөрөнгийн нийлбэр нь дэлхийн хүн амын ядуу хагасын (3.8 тэрбум хүн) нийт хөрөнгөтэй тэнцсэн байна.

Дэлхий даяар баян хүмүүсээс ердөө 1 хувийн нэмэлт татвар авахад жил бүр $418 тэрбумын хөрөнгө бий болж, үүгээр сургуульд ороогүй хүүхэд бүрт боловсрол олгож, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулснаар 3 сая хүүхдийн амийг аврах боломжтой гэнэ.

2018 онд 2,200 гаруй тэрбумтны хөрөнгө нийтдээ $900 тэрбумаар өссөн нь цаг тутамд $2.5 тэрбумаар нэмэгдсэн гэсэн үг. Өнгөрсөн онд тэдний хөрөнгийн нийлбэр дүн 12 хувь өссөн бол дэлхийн хүн амын ядуу хагасын хөрөнгө 11 хувиар буурсан байна.

Үр дүнд нь дэлхийн хүн амын ядуу хагасын нийт хөрөнгөтэй тэнцэх эд баялгийг ердөө 26 хүн эзэмшдэг болжээ. 2017 онд энэ тоо 43, 2016 онд 61 байсан юм.

Дэлхийн хамгийн баян хүн болсон Амазоны Жэф Безосын хөрөнгөний ($112 тэрбум) нэг хувь нь 105 сая хүн амтай Этиоп улсын эрүүлийг хамгаалах салбарын төсөвтэй тэнцэж байна.

1980-аас 2016 оны хооронд дэлхий дахины олсон нийт орлогын доллар тутмаас 12 цент нь хүн амын ядуу 50 хувьд оногджээ. Гэтэл хүн төрөлхтний хамгийн баян 1 хувь нь доллар тутмаас 27 цент хүртсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian