Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Япон лам нар кимонотой жолоо барих аюулгүй болохыг батлан харуулах хөдөлгөөн өрнүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Саяхан Японы нэг Буддист лам уламжлалт өмсгөлтэйгөө жолоо барьж яваад цагдаад торгуулжээ.

Түүний өмсгөлийг жолоо барихад саад учруулах аюултай гэж үзээд замын цагдаа 6,000 иенээр ($55) торгосон байна. Торгуулийн хуудсанд “замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх кимоно өмсөн автомашин жолоодсон тул” гэж тайлбарлажээ.

Энэ явдлын тухай мэдээ хэвлэлээр гарсны дараа Японы Буддын сүм хийдүүдийн лам нарын дунд уламжлалт хувцас нь аюултай биш болохыг батлан харуулах хөдөлгөөн эхэлсэн байна.

Тэд өөрсдийн сошиал хуудсанд кимонотой янз бүрийн нарийн үйлдэл гүйцэтгэж байгаагаа харуулсан видео дүрсийг нийтэлж байгаа юм.

Тухайлбал, тэд скэйтбордоор явж, жонглёр үзүүлж, гитар тоглож байна. Лам нарын авьяас чадвар олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм.

Торгуулсан лам нь тухайн өдөр буяны ажилд оролцоод буцаж явсан гэнэ. Тэр өөрийгөө 20 жил жолоо барихдаа замын хөдөлгөөний аюулгүй байдалд сайтар анхаарал тавьсаар ирсэн, алдаа гаргаж байгаагүйгээ хэвлэлд ярьсан байна.

Нэрээ нууцалсан ламтан торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ тохиолдолд шүүхэд дуудагдах болоод байгаа ажээ. Гэхдээ ламтан шүүхийн өмнө очиж, “шашны өмсгөлтэйгөө машин жолоодож чадна” гэдгээ батлан харуулахад бэлэн байгаа гэнэ.

Эх сурвалж: The Guardian