Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн төрөлхтөн өөрөөсөө хамгийн алсад орших биетийн дүрсийг харлаа

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
"Ultimate Thule" биетийн төсөөлөл зураг

Шинэ оны анхны өдөр NASA-гийн News Horizons хөлөг нарны аймгийн захад орших биетийн дэргэдүүр өнгөрөхдөө гэрэл зургийг нь буулгаж эх дэлхийдээ илгээжээ.

Энэ бол хүн төрөлхтний харж байгаа хамгийн алсад орших биет юм. New Horizons хөлөг 12 жилийн өмнө дэлхийгээс хөөрсөн. Уг хөлөг жил гаруйн дараа Бархасбадь гарагийн дэргэдүүр өнгөрсөн бол дахин долоон жил өнгөрсний дараа Дэлхийн ванг дайран гарсан юм.

 
New Horizons хөлгөөс ирсэн зураг

Ингэхдээ тэр нарны аймгийн ес дэх гараг гэгдэж байгаад сүүлд тооцогдохоо больсон Дэлхийн вангийн хамгийн тод зургийг дэлхийд илгээж байв. Тэгвэл энэ удаа New Horizons Дэлхийн вангийн чанадад орших “Ultima Thule” (албан ёсны нэр нь 2014 MU69) хэмээх нууцлаг биетийн дэргэдүүр нисэн өнгөрсөн юм.

“Ultimate Thule” нь “бидний мэдэх ертөнцийн гадна талд” гэсэн утгатай үг. Уг биет дэлхийгээс 6.5 тэрбум километр орчим зайтай оршдог. Эхний бүдэг зураг дэлхийд ирэхдээ 10 орчим цагийн хугацаа зарцуулжээ. New Horizons уг биетийн зургийг 800,000 орчим километрийн зайнаас буулгасан байна.

“Ultimate Thule” 16-24 км орчим өргөнтэй, сунасан хэлбэртэй биет. Өмнө нь бидэнд ердөө нэг цэг төдий харагддаг байсан тул хэлбэрийг нь баттай хэлж чаддаггүй байв.

Ирэх 20 сар орчим хугацааны дараа бид New Horizons хөлгөөс гигабайтаар хэмжигдэх зураг, мэдээлэл хүлээж авах тул “Ultimate Thule”-гийн дүрс илүү тод нарийвчлалтай харагдана. Хөлгөөс ирж буй мэдээллийн дата хурд секундэд 1-2 килобайт байгаа тул ийм урт хугацаа зарцуулахаас өөр арга байхгүй. Өнөөдөр үзүүлж байгаа зураг нь анхны, маш бага нарийвчлалтай тойм зураг юм.

 

Эх сурвалж: Quartz