Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Путин: Манайх шиг зэвсэг бусад улсад байхгүй, Оросын аюулгүй байдал олон жилийн баталгаатай болсон

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин шинэ зэвсэгтэй нь дүйцэх зэвсэг бусад улс орнуудад байхгүй бөгөөд Оросын аюулгүй байдал ойрын хэдэн арван жилд баталгаатай болсон хэмээн өчигдөр мэдэгджээ.

Москвад армийн өндөр албан тушаалтнуудтай уулзахдаа тэр дуунаас хурдан пуужин Кинжал, Авангард зэвсгүүдийг Оросын армийн хүчин чадлыг эрс нэмэгдүүлж байгааг онцолсон байна.

Кинжалыг ОХУ-ын батлан хамгаалах яам армийн зэвсэглэлд оруулаад байгаа. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ийм пуужингаар зэвсэглэсэн байлдааны нисэх онгоцнууд энэ онд 89 удаагийн нислэг үйлдээд байгааг мэдээлжээ.

Харин Авангардыг ирэх онд армийн зэвсэглэлд нэмнэ гэж тэр хэлсэн байна. Өчигдөр хэлэхдээ Путин 1987 оны дунд тусгалын цөмийн зэвсгийг хориглох гэрээнээс АНУ гарахаар төлөвлөж байгаатай холбогдуулан хариу арга хэмжээг Оросын талаас авна гэж мэдэгджээ.

Тэрээр Вашингтоны буруутгаж байгаачлан гэрээг ОХУ зөрчөөгүйг баталсан байна. Учир нь газраас харвах зориулалттай ийм зэвсэг хэрэгцээгүй болсон бөгөөд үүнийг тэнгис, агаараас харвах зориулалттай шинэ зэвсгүүд бүрэн орлоно гэж тайлбарлажээ.

АНУ-ын засаг захиргаа Оросын 9М729 загварын далавчит пуужинг гэрээний шаардлагыг зөрчсөн гэж дүгнэж байгаа. Гэрээнд газраас харвах зориулалттай, 500-5,500 км тусгалын баллистик пуужингуудыг хориглодог.

Путин тус улсын арми саяхан Сирид агаараас харвах Х-101, тэнгисийн хөлгөөс харвах Калибр далавчит пуужингуудыг амжилттай туршсаныг мэдээлжээ. Эдгээрийн тусгал 4,500 км юм.

“Энэ үйл явдал манай түншүүдийг сандаргасан байх. Гэхдээ бид ийм зэвсэгтэй болсноор гэрээг зөрчөөгүй” гэж Путин хэлсэн байна.

Түүний тайлбарлаж байгаагаар 1987 онд Рональд Рейган, Михайл Горбачев нарын байгуулсан гэрээнд далай тэнгис, агаараас харвах пуужингуудыг оруулаагүй ажээ. Учир нь ийм зэвсэг тухайн үеийн ЗХУ-д огт байгаагүй бол АНУ-д цөөн тоотой байсан гэнэ.

Эцэст нь Путин шинээр бүтээсэн дуунаас хурдан зэвсгүүдээрээ бахархаж “Одоогоор өөр хэнд ч ийм зэвсэг байхгүй, зөвхөн бидэнд байна” гэж хэлжээ.

 

Эх сурвалж: Associated Press