Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

“Canada Goose” Бээжин дэх дэлгүүрийнхээ нээлтийг хойшлуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Канад-Хятадын дипломат маргааны улмаас “Canada Goose” компани маргааш буюу Бямба гарагт Бээжингийн Санлитунд шинэ дэлгүүр нээх гэж байснаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

Энэ нь эх газрын Хятадад нээгдэх тус компанийн анхны дэлгүүр юм. Хэдийгээр дэлхийн тансаг эдлэлийн хамгийн том зах зээлд тооцогддог Хятадад ганц ч дэлгүүр нээгээгүй байгаа ч “Canada Goose” брэндийн нэр хүнд энд өндөр байдаг. Тухайлбал тэрбумтан Жэк Ма зэрэг алдартнууд тус компанийн өвлийн хүрмийг өмссөн байгаа зураг хэвлэлүүдээр олонтаа нийтлэгддэг юм.

Гэвч энэ сарын эхээр Huawei компанийн санхүүгийн захирал Мэн Ванжоуг Ванкуверт баривчилж, саяхан Канадын хоёр ч иргэнийг Хятадад баривчилсан үйл явдлууд Бээжин-Оттавагийн харилцааг муутгаад байна.

Улс хоорондын энэ маргааны эхний том хохирогч нь “Canada Goose” болоод байгаа юм.

Хятадын иргэдийн дунд тус компанийн бараа бүтээгдэхүүнийг бойкотлох хөдөлгөөн өрнөснөөс хувьцааны ханш нь сарын эхнээс 20 гаруй хувиар унаад байна.

Бээжинд нээгдэх 600 метр.кв талбайтай анхны дэлгүүр нь тус компани Хятадын зах зээлд хэр ач холбогдол өгч байгаагийн илрэл юм. 61 жилийн түүхтэй “Canada Goose” шинэ дэлгүүрийнхээ нээлтээс өмнө Бээжинд түр хугацаанд ажиллах худалдааны булан нээгээд байгаа.

Өнгөрсөн сард Хонг Конгийн IFC Mall худалдааны төвд “Canada Goose”-ийн шинэ дэлгүүр нээгдсэн юм. Мөн тус компани бүс нутгийн төв офисоо Шанхайд нээхээр төлөвлөжээ.

Бээжингийн дэлгүүрийн нээлтийг хойшлуулснаа тэд “засварын ажил дуусах болоогүй” байгаатай холбон тайлбарласан байна.

Канадын олон компани Хятадын зах зээлд анхаарлаа хандуулаад байгаа. Тухайлбал бэлэн хувцасны “Club Monaco” дэлгүүр, спорт хувцасны “Lululemon Athletica”, косметикийн “M.A.C” компаниуд үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа бол нарийн боовны “Tim Hortons” сүлжээ ирэх онд анхны салбараа Хятадын эх газарт нээж, 10 жилийн дотор 1,500 салбар нээхээр төлөвлөжээ.

Дипломат маргаан удаан үргэлжлэхгүй гэж канадчууд найдаж байгаа тул бизнесээ эхлэхэд тохиромжтой цагийг хүлээхээр шийдсэн бололтой.

 

Эх сурвалж: South China Morning Post