Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Францын Страсбург хотод зэвсэгт халдлага гарч дөрвөн хүн амиа алдлаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Францын Страсбург хотын дэлхийд алдартай Зул сарын баярын захын ойролцоо нэг этгээд галт зэвсэгтэй халдлага үйлдсэний улмаас дөрвөн хүн амиа алдаж, 11 хүн шархдсан байна.

Захыг хамгаалж байсан цэргүүдийн бууны суманд шархдсан халдлага үйлдэгч хэргийн газраас зугтжээ. Хотоос гарах бүх замыг хааж, гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна.

Францын дотоод хэргийн сайд Кристоф Кастанерын мэдээлснээр зэвсэгт этгээдийн хэн болохыг тодруулсан гэнэ. Исламын экстремист үзэлтэн гэгдэж, цагдаад бүртгэлтэй байсан 29 настай этгээд халдлагыг үйлджээ.

Хэрэг гарахын өмнө сэжигтнийг баривчлахаар цагдаа нар гэрт нь очиход тэр эзгүй байсан гэнэ. Энэ үеэр түүний гэрээс тэсрэх бодис илрүүлж байсныг Францын цагдаагийн газар мэдээлжээ.

Страсбург хотод Европын Парламент байрладаг юм. Франц орон даяар сар орчим хугацаанд иргэдийн бослого тэмцэл өрнөж, эрх баригчид үүнийг намжаахад бүх анхаарлаа төвлөрүүлээд байгаа цаг үед уг зэвсэгт халдлага гарч байна.

Тус улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн шөнө ордондоо шуурхай хуралдаан зарлаж, халдлагын нөхцөл байдлыг анхааралдаа авсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Улмаар үүний дараа Францын дотоод хэргийн сайд, терроризмын хэргийг хариуцдаг Парис хотын прокурор зэрэг албаны хүмүүс Страсбург хотыг зорьсон байна.

Страсбургийн хөрш хот суурингуудын иргэдийг гадагш гарахгүй байхыг эрх баригчид анхааруулжээ. Сүүлийн жилүүдэд Франц улс террористуудын  халдлагын гол бай болоод байгаа.

2015 онд Парист гарсан халдлагын улмаас 130 хүн амиа алдаж байсан бол 2016 онд Нис хотод ачааны машинтай халдлага гарч, олон арван хүний аминд хүрсэн юм.

Страсбург хот Парисаас зүүн зүгт 500 орчим километр зайнд, Германы хил дээр оршдог. Тус хотын төвд жил бүрийн Зул сарын баяраар том зах нээгдэж, Европын улсуудаас олон хүн цуглардаг юм.

2000 оны шинэ жилийн үеэр тус захад бөмбөг тэслэхээр төлөвлөж байсан Аль Кайда бүлгийн экстремистүүд баривчлагдаж, 2004 онд шүүхээс олон жилийн хорих ял сонсож байжээ.

 

Эх сурвалж: Associated Press