Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Бодьсайхан: Судалгаагаар халдварт өвчнүүд ихэнх тохиолдолд хил орчмын аймгуудад анх гардаг нь тогтоогдсон

А.Ням-Өлзий, iKon.mn
2018 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

ХХААХҮЯ-ны дэргэд Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдан үйл ажиллагаагаа жигдрүүлээд хэдэн сар болж байна. Өмнө нь энэ салбар тус тусдаа өөр байгууллагад харьяалагддаг байсан бол одоо “эзэнтэй айл” шиг болсон гэхэд хилсдэхгүй. МЭЕГ-ын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын мэргэжилтэн Х.Бодьсайхантай мал, мах экспортлох чиглэлээр хийгдэж буй ажлууд болон малын эрүүл мэнд, малчид малын халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар ярилцлаа.  

-Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдсан нь ямар ач холбогдолтой вэ?  

-Малын эрүүл мэндийн тухай хууль 2017 оны арванхоёрдугаар сард батлагдсан. Энэ хууль 2018 оны зургаадугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор мал эмнэлгийн салбарыг босоо тогтолцоотой, нэгдмэл удирдлагатай болгох УИХ-ын шийдвэр гарсан юм. 

Хуучнаар Биокомбинат, эм бэлдмэл шалгах лаборатори, Улсын мал эмнэлэг  ариун цэврийн төв лабораторийг нэгтгээд Мал эмнэлгийн ерөнхий газар болгон үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Хуучнаар Мал эмнэлэг, үржлийн газар нь эндээс ерөнхийд нь чиглүүлээд удирдаж явдаг боловч санхүүгийн хувьд өөр өөр удирдлагатай байсан бөгөөд шууд босоо тогтолцоогоор ажиллах боломж нь хүндрэлтэй байсан. Шинэ хууль батлагдсанаар бүгд нэг дор орж ирээд байна. Ингэснээр бүгдийг нь нэг газраас удирдах боломжтой болж байна гэсэн үг. 

-Малын өвчин сүүлийн үед их гарч байна. Хотын хоёр талд ариутгалын цэгүүд өвөл зунгүй байдаг болсон гэхэд хилсдэхгүй.Юунаас болж малын өвчин гараад байна вэ? 

-ДЭМБ-ын Мал амьтны эрүүл мэндийн байгууллага гэж байдаг. Тус байгууллагад бүх гишүүн орнууд нь албан ёсны мэдээллээ өгдөг. Энэ мэдээллээс харахад БНХАУ-д шүлхий, бог малын мялзан өвчнүүд байнга гарч байна. ОХУ-д ч мөн адил. Хамгийн сүүлд л гэхэд Тувад энэ оны есдүгээр сард шүлхий өвчин гарсан байх жишээтэй. 
Дээрээс нь Дорнод аймгийн хилийн цаад талд Хятад, Оросын хилийн зааг дээр зургаадугаар сард цэцэг өвчин гарсан гэх мэт гадна талаасаа эрсдэл байгаа. 

-Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар ажил хийж байна вэ?

-Өвчин хилийн гаднаас орж ирж байгаа хамгийн гол шалтгаан нь хүн, машины хөдөлгөөн юм. Тиймээс манайхан гаднаас халдварт өвчин оруулахгүй байя гэвэл хилийн хяналтаа сайжруулах шаардлагатай. Бид урьдчилан сэргийлэхийн тулд төлөвлөгөөтэйгээр вакцин хийдэг. Жишээ нь, Хятадад эрсдэл байгаа учраас Дорнод, Сүхбаатарын хил дагуух бүсийн эрсдэл бүхий малыг вакцинжуулж байна. 

Яагаад өвчин ингэж хаа сайгүй гараад байна вэ гэхээр хүний шилжилт хөдөлгөөнд хяналт тавихад хэцүү болчихсон юм байна. Хэн дуртай нь машинаа унаад дуртай зүгтээ явчихаж байна. 

Жишээ нь, зүүн талын аймгуудад  малын өвчин гарлаа гэхэд тухайн бүсэд мал, махны үнэ унана. Тэр үеэр нь махны ченж, малжих зорилготой иргэд тухайн бүсээс малыг хямд аваад зөөж байна. Энэ мэтчилэнгээр хөдөлгөөн гэдэг юм хамгийн эрсдэл дагуулдаг. 

Нүүдлийн мал аж ахуй нь өөрөө бас эрсдэл дагуулдаг том хүчин зүйл. Малчид малынхаа тарга хүчийг сайжруулахаар өвсний шимийг харж нүүж явдаг нь зарим талдаа эрсдэл дагуулдаг. Өвөрхангай аймгийн малчин Дундговийн Сайхан-Овоод очиж өвөлжчихөөд буцаад нутаг руугаа гарч байна. Энд нэг өвчин гарлаа гэхэд хажууд нь байсан айл өвчнөөс дайжаад, хорио цээрт орчихно гээд нүүж яваад шинэ газар өвчин аваад оччихдог. Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд малчдын сэтгэхүйд малын өвчний талаар мэдлэг, мэдээлэл хийж өгмөөр байгаа юм. 

-Саахалт айлд нь малын өвчин гарчихсан бол хэдэн малаа үхүүлэхгүйн тулд нүүхээс өөр аргагүй байх?

-Би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн нийгмийн сэтгэхүй нөлөөлөөд байна л даа. Миний мал гэхээсээ илүү өөр тийшээ нүүчихвэл дараа нь ямар хор хохирол гарах вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй байгаа юм. 

Малын эрүүл мэндийн тухай шинэ хуульд тухайн малчин санаатайгаар өвчин тээвэрлэж очоод халдвар тараасан бол хуулийн дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээний зардлыг нөхөн төлүүлнэ гэсэн заалт байгаа. Үүнийг л малчдад ойлгуулмаар байгаа юм. Та санаатай болон санамсаргүйгээр өөр нутаг рүү нүүсэн тохиолдолд ийм эрсдэл бий шүү гэдгийг. 

Өвчин гарлаа гэхэд тэндээ арга хэмжээ хэрэгжүүлсэн нь дээр үү нүүж яваад халдвар тарааж түүнийхээ хохирлыг төлсөн нь дээр үү гэдгийг бодолцох хэрэгтэй. 

-Малын эрүүл мэндийн тухай хууль өнгөрсөн зургаадугаар сараас хэрэгжиж эхэлснээс хойш халдвар тараасан гэдэг үндэслэлээр арга хэмжээ авсан тохиолдол байна уу? 

-Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль гэж бий. Үүнийг дагаад 4-5 хуульд нэмэлт өөрлөлт оруулна. Зөрчлийн тухай, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль зэрэг. Бүх хуулийн хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд оруулчихсан. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Зөрчлийн хуульд хариуцлага тооцох тухай заасан байгаа. Зөрчлийн хуульдаа өөрчлөлт оруулаагүй байгаа учраас хэрэгжиж эхлээгүй байна. Хэрэв өөрчлөлт нь орчихвол бид материалаа бүрдүүлээд цагдаагийн газарт өгдөг, цагдаа нь Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцох болно. 

Ер нь бол дээрх шиг тохиолдлын материалыг бүрдүүлээд цагдаад өгсөн удаа бий. Зүүн талаас ямар нэгэн өвчин байхгүй эрүүл бүс рүү мал тээвэрлэж очсон иргэнд арга хэмжээ авсан.  

-Орон нутагт мал эмнэлэг, малын эмчийн хүрэлцээ муу байдаг гэдэг. Нэгдсэн нэг удирдлагатай болсных энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

-Малчин малын эмчид дуудлага өгөөд, тухайн малын эмчээ өөрийн суурьт авчирч малаа үзүүлнэ гэж заасан байдаг. Малын эмчийн тухайн суурьт очих унааны зардлыг дуудлага өгсөн малчин хариуцна. 

Гэхдээ энэ заагтай. Тухайлбал, ямар өвчнөөс хамаараад гоц халдварт өвчин байх юм бол малчин малын эмч рүү явах шаардлагагүй. Малын эмчээс утсаар зөвлөгөө авна. Хэрэв гоц халдварт өвчний шинж тэмдэг ажиглагдсан бол сумын эмч аймаг руугаа мэдэгдэнэ. Сумандаа арга хэмжээ хэрэгжүүлэх боломжтой байвал Сумын мал эмнэлэг, үйлчилгээний тасгаас арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой. Өөрийнх нь мэдлээс хэтэрсэн гоц халдварт өвчин байвал аймаг руу хандаж тусламж хүсдэг. Бүр шаардлагатай гэвэл аймгаас бидэн рүү хандаж хамтраад ажиллах боломжтой. 

Анхан шатны нэгж нь сумын хувийн мал эмнэлэг гэж байна. Хувийн мал эмнэлэг төр хоёрыг холбож өгч байгаа газар нь Сумын мал эмнэлэг, үйлчилгээний хэсэг юм. 

-Малын халдварт өвчин үүсэх гадаад хүчин зүйлийн талаар та өмнө нь ярьсан. Ийм өвчин гаднаас бус дотроос үүсгэгдэнэ гэж байх уу?  

-Халдварт өвчин гэдэг бол ямар нэг үүсгэгч нян гаднаас орж ирж, халдварлаж байж л үүсдэг.  

-Тэгэхээр манайд гараад байгаа халдварт өвчин хоёр хөршөөс л орж ирдэг гэж ойлгож болох нь ээ? 

-Бидний хийсэн судалгаа бий. Судалгаагаар халдварт өвчнүүд ихэнх тохиолдолд хил орчмын аймгуудад анх гардаг нь тогтоогдсон. Жишээ нь, баруун бүсэд хамгийн сүүлд буюу 2015 онд Ховд аймагт гарсан тохиолдол байна. Зүүн аймгуудад хонины цэцэг өвчин гарлаа гэхэд Сүхбаатар аймгаас эхлээд улсынхаа төв рүү ороод ирчихсэн байх жишээтэй. Шүлхий гэхэд мөн л Сүхбаатар аймгаас эхлээд дамжаад явчихсан байдаг. Дорноговь аймагт цэцэг өвчин мөн адил хилийн боомтын ойролцоогоор гараад явчихсан. Улсын гүн дотроосоо үсэрч гарсан тохиолдол байхгүй. 

Манай улсад шүлхий, мялзан, цэцэг өвчний хорио цээртэй газар одоогоор байхгүй байна. Хамгийн сүүлийн тохиолдол нь Өвөрхангай аймгийн Баянгол суманд гарсан.  

-Малын халдварт өвчин тархахад цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөх үү? 

-Урин дулаан цагт хүмүүсийн шилжилт хөдөлгөөн их байдаг. Цас ороод, малчид өвөлжөөндөө буухаар хөл хөдөлгөөн хумигдаад халдвар тухайн сүргийн түвшинд тархах нь бий.  

-Отор нүүдэл, малчдын шилжилт хөдлөлгөөнд төрөөс тэр бүр хяналт тавиад байж чаддаггүй. Тэгвэл Мал эмнэлгийн ерөнхий газар болсноор малын халдвар өвчний хөдөлгөөнийг хязгаарлаж, багасгаж чадаж байгаа юу? 

-Босоо удирдлагатай болно гэдэг нь сумын түвшинд хүртэл МЭЕГ-аас шууд удирдах боломж бүрдэж байгаа хэрэг. Мэргэжилтэн болгон нэг аймаг хариуцаж байна. Тухайн мэргэжилтэн хариуцсан аймгийнхаа нэг сум руу холбогдоод өвөлжилт ямар байна, хаашаа отор нүүдэл хийж байна гэдэг мэдээллийг нь авчихна. Он дуустал мэдээллээ цуглуулж байгаад шинэ оноос мэдээлэл авдаг цаг, хуваарьтай болохоор ажиллаж байна. Түүн дээрээ арга хэмжээгээ төлөвлөе гэдэг зорилт тавьж байгаа. 

Хоёрдугаарт, малын шилжилт хөдөлгөөнийг хянах зорилгоор “Ногоон алт” төслийн хүрээнд таван аймгийн 15 суманд төсөл хэрэгжүүлсэн. Энэ нь тухайн сумаас гарч байгаа малын гаралтай бүтээгдэхүүн болон малын шилжилт хөдөлгөөнийг хянах зорилготой цахим систем юм. Сумаас гарч байгаа малыг бүртгээд хаашаа хүрэх вэ гэдэг мэдээллийг нь оруулна. Энэ дагуу нь цахим сүлжээнээс хараад бүртгээд явна. Хотод товчоон дээр ирээд хяналтын цэгт бүртгүүлэхэд тэндээс гарал үүсэлтэй юм байна гэсэн бүх мэдээллийг цахим сүлжээнд оруулсан байна гэсэн үг. Мал, малын гаралтай бүтээгдэхүүнээ хотод хүргэхийн тулд тодорхой цэгүүдээр ороод хянуулаад явсан байх шаардлагатай. Ийм ажлын суурийг тавьсан. Болж өгвөл ирэх онд бүх сумаа бүртгэлжүүлэх зорилготой байгаа. 

2016 онд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийг 21 аймгийн мал эмнэлгийн лабораторитай цахим сүлжээгээр холбосон бөгөөд одоо амжилттай ажиллаж байна. Энэ улсын хэмжээний мал эмнэлгийн лабораторийн шинжилгээний дүнг хянах боломжтой болсон гэсэн үг. 

Энд хийгдсэн шинжилгээний дүнг шууд цахимаар дамжуулах, нэвтрэх эрхтэй хэрэглэгч мэдээлэл авах боломжтой. Энэхүү програм нь интернетэд суурилсан, GPS мэдээллийг давхар оруулах боломжтойгоор хийгдсэн байгаа. 

Орон нутгаас дээж бэлтгэх, судалгаа хийх зэрэг ажлаар явж байхдаа гар утасны болон интернэт сүлжээгүй газар мэдээллээ гар утас дээрээ оруулж байгаад интернэттэй газар очихоор мэдээллээ төв сервер рүүгээ илгээх боломжтой болсон.  Өөрөөр хэлбэл, төвөөсөө хяналт тавих ажлын суурь нь тавигдаж эхэлсэн. 

-Хоёр хөрш рүү мах экспортлох гэхээр танай мал эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна гэдэг. Мал, мах экспортлох тухай олон жил ярьж байна. Яагаад манай мал эрүүл ахуйн шаардлага хангадаггүй юм бэ? 

-Жишээ нь, хонины мах тээвэрлэж хил дээр очлоо. Хилээр гаргах гэхээр энэ яг аль аймгийн аль сумаас гаралтай вэ гэдэг. Эрүүл бүсээс гаралтай гээд амаараа хэлэхээр баталгаа болж чадахгүй. Тиймээс эндээс гаралтай гэдгийг нь миний түрүүн ярьсан цахим бүртгэлээр баталгаажуулах юм бол боломж байна. 

Хоёрдугаарт, малын халдварт өвчин гардаг ч гэсэн Европ руу мах экспортлодог Африкийн улсууд байна. Яаж гадагш нь гаргаад байна вэ гэхээр, бодлогоор улсаа бараг хуваадаг юм байна. Нэг талд нь өвчин гарч л байдаг. Харин нөгөө талд нь бидний ярьдагаар хорио цээр, хяналтын бүсэд малаа оруулаад тодорхой хугацаанд байлгана. 14 хоногийн хугацаанд ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрдэг. Шинжилгээний үр дүн гарах хугацаа мөн адил 14 хоног. Ингээд дээд тал нь 28-30 хоноход ивомек болон антибиотикийн үлдэгдэл бодисууд биеэс гадагшилж, зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл буурдаг юм байна. 

Ийм цэгүүдийг Монгол Улсад 3-4 газарт байгуулах төлөвлөгөө бий. Ажлын хэсгүүд нь гарчихсан яг одоо ХХААХҮЯ-д энэ асуудал байгаа. Боломж нь бүрдвэл хамгийн дээд тал нь 30 хоног ч юм уу хорио цээр, хяналтын бүсэд малаа байлгаад амьдаар нь эсвэл бүтээгдэхүүн болгоод гадагш нь гаргах боломж байна

Замын-Үүд дээр ч бас БНХАУ-ын хөрөнгө оруулалттай амьд мал гаргах байгууламж бий болж байгаа гэсэн мэдээлэл бас бий. 

-Малчид ганц нэг мал нь өвчилснийг нуух тохиолдол байдаг уу?  

-Өвчтэй малыг устгасны нөхөн олговор гэдэг юмтай холбогдоороо л нуудаг байдал бий болоод байгаа юм. Нэгдүгээрт, нөхөн олговрыг олон шат дамжлагаар өгдөг. Жишээ нь 2017-2018 он дамжаад малын халдварт өвчин гарсан бол энэ өвчлөлийг бүрэн зогсоосны дараа ОБЕГ-аар дамжуулж Засгийн газарт оруулж шийднэ гэдэг. Хугацаа алдаад хойшлоод яваад байна гэсэн үг л дээ. Зарим тохиолдол малчны хариуцлагатай холбогдвол нөхөн олговор олгохгүй гэдэг зүйл яригддаг. Энэ дээр очихоороо нөхөн олговор олддоггүй, устгалын арга хэмжээ хэрэгжүүлж малыг нь устгана гээд нуугаад байх тохиолдол бий. 

Нуухгүй байх юм бол өвчний халдварын хүрээ тэлэхгүйгээр зөвхөн тэнд нь арга хэмжээ авах боломж бий. Газар хүрээ тэлээд байгаагийн нэг шалтгаан нь эрт мэдээлэхгүй байгаатай холбоотой. 

2018 оны эхээр шүлхий өвчин төвийн бүсэд гарсан тохиолдолд устгалын арга хэмжээ хэрэгжүүлж байсан.Тухайн нөхцөлд гарсан өвчлөлийг дор нь устгалын арга хэмжээ хэрэгжүүлээд, тойруулаад вакцинжуулж байсан. Үүнээс хойш халдвар тархаж өргөн хүрээний газар нутаг эзлээд, олон мал хамраад эхлэхээр олон мал устгах шаардлага тулгараад ирж байгаа учраас бид тактикаа өөрчилж, хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлэхээс гадна өвчтэй малыг устгахгүйгээр өвчний шинж тэмдэгийг арилтал хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх зарчмаар ажиллаж эхэлсэн. Хорио цээрийн арга хэмжээ аваад тэр хугацаандаа эрсдэл бүхий бүс нутгийн мал сүргийг сайн вакцинжуулья гэсэн байдлаар ажилласан. “Мал, амьтны эүүл мэндийн тухай” хуулинд малын өвчний мэдээллийг олон нийтэд МЭЕГ-ын дарга бөгөөд Ерөнхий малын эмч мэдээлнэ гэж заасан байдаг. 

-Хэрэв мал нь өвчилснийг нуувал мөн л хуулийн дагуу арга хэмжээ авах уу?

-Тэгнэ. Малын эрүүл мэндийн тухай хууль дээр өвчин гарснаас хойш 12 цагийн дотор малын эмчид мэдээлэхгүй бол хариуцлага тооцно гэсэн заалт бий. Өвчнийг нуун дагагдуулсан тохиолдолд мөн хариуцлага тооцно гэсэн заалт байгаа. 

Хуулийн танилцуулгыг орон нутгийн мэргэжилтнүүдэд боломжийн хэмжээгээр хийж байгаа. Мэдээлэл авсан мэргэжилтнүүд маань дахиад цаашаа малчны хотонд очиж танилцуулах ажлаа сайн хийх хэрэгтэй юм билээ. 

-Хотод орж ирж байгаа малын мах эрүүл ахуйн шаардага хангахгүй байх тохиолдол цөөнгүй байна. Цахим сүлжээгээр хүнсний захаас худалдаж авсан махныхаа зургийг оруулсан жишээ ч байдаг. Энэ дээр яаж хяналт тавьдаг юм бэ? 

-Бид өмнө нь формал вакцин хэрэглэдэг байсан. Формалиныг тодорхой хувиар оруулаад идэвхгүйжүүлж ашиглаж байсан гэсэн үг. Харин одоо бол хөнгөн цагааны усан исэлт болон дүүргэгч бодисыг нь тосоор орлуулсан вакцин хэрэглэж байгаа. Өөрөөр хэлбэл, формалинаар биш өөр аргаар идэвхгүйжүүлсэн вакцин ашиглаж байгаа. ОХУ-аас авч байгаа вакциныг өнөөдөр тарилаа гэхэд ямар нэгэн хоног заахгүйгээр маргааш нь ч юмуу мах сүүг нь хэрэглэж болно гэсэн заалттай ирдэг. Заавал 14 хоног гэсэн заалт байхгүй болоод байгаа. Сүүлийн үеийн вакцинууд ер нь хориглох заалт байхгүй. Тийм болохоор вакцины тал дээр ямар нэг асуудал байхгүй болов уу гэж бодож байна. 

Нөгөө талаар идээтэй мах гээд байгаа нь тарьж байгаа үеийн техниктэй холбоотой. Малыг тарьж байгаа зүүний ариутгал халдваргүйжүүлэлт гэж байна. Идээ бээр байна гэдэг нь бактери орсноос болж байна л гэсэн үг. Дээрээс нь механик гэмтэл байж болно. Заавал вакцинтай холбоотой байх шаардлагагүй.

Дээр нь отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийхдээ малчид орон нутгийн мал эмнэлгээсээ зөвлөгөө сайн авч байх хэрэгтэй байна. Аль нэг аймаг руу нүүлээ гэхэд очих гэж байгаа газар, зам дагуу нь халдварт өвчний эрсдэл байна уу үгүй юу гэдгийг сайн судлах хэрэгтэй байна. Судалгаа тооцоогүйгээр нүүж очоод өвчний эрсдэлд орохыг үгүйсгэх аргагүй юм.  

Хоёрдугаарт, урьдчилан сэргийлэхэд вакцинд хамрагдахаас гадна дараах уламжлалт энгийн аргууд байж болно. Тухайлбал, хамгийн наад зах нь урьдны цагт хэрэглэж байсан одоо зарим айлд хэрэглэдэг хот хороондоо утаа май тавих зэрэг аргыг ашиглаж болно.