Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Үймээн самуунаас айсан Парист маргааш зарим үзвэр үйлчилгээний газрууд ажиллахгүй

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Маргааш буюу Бямба гарагт шар хантаазтай тэмцэгчдийн ээлжит ажиллагаа явагдах магадлалтай байгаа тул Парисын үзвэр үйлчилгээний газрууд хаалгаа барихаар болжээ.

Тухайлбал Эйфелийн цамхаг, Луврын музей, дуурийн театр, Элисейн өргөн чөлөөнд оршдог дэлгүүрүүд засгийн газраас өгсөн зөвлөмжийн дагуу Бямба гарагт ажиллахгүй болсноо зарласан байна. Алдарт Ялалтын хаалга өнгөрсөн Бямба гарагийн тэмцлийн улмаас багагүй хохирч гэмтсэн тул өнөөдрийг хүртэл хаалттай байгаа юм.

Хэд хоногийн өмнө Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон шатахууны татварыг нэмэх төлөвлөгөөгөө зургаан сараар хойшлуулах шийдвэр гаргасан.

Гэвч энэ арга хэмжээ бухимдсан иргэдийг тайвшруулаагүй байна. 

Арваннэгдүгээр сарын дундуур Парис болон бусад томоохон хотуудад эхэлсэн тэмцэл өнгөрсөн Бямба гарагт оргилдоо хүрсэн бөгөөд 1968 оноос хойш Парист тохиолдоогүй өргөн хэмжээний үймээн самуун дэгдсэн юм.

Үүний үр дүнд ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш Эммануэл Макрон анх удаа шийдвэрээсээ ухрахад хүрсэн байна. Хөрөнгө оруулалтын чиглэлээр банкны салбарт ажиллаж байсан 40 настай Макроныг “хөрөнгөтнүүдийн ерөнхийлөгч” гэж францчууд хочилдог. Тиймээс түүний дундаж давгаргынханд халтай нийгмийн бодлогыг иргэд хүчтэй шүүмжилдэг юм.

Маргаашийн бослого тэмцлийг зохицуулах зорилгоор Францын засгийн газар нийт 89,000 цагдааг орон даяар ажиллуулахаар болсон байна. Өнгөрсөн долоо хоногт энэ тоо 60,000 байсан юм. Өчигдөр Францын баруун хэсгийн Нантес хотод өсвөр насныхан дунд сургуулиудын үүд хаалгыг хааж, хогийн цэгүүд, автомашинд гал тавьж эсэргүүцлээ илэрхийлсэн нь эрх баригчдын санааг зовоосон бас нэг асуудал болжээ.

 

Эх сурвалж: The Guardian