Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын гадаад худалдааны алдагдал 10 жилийнхээ дээд хэмжээнд хүрлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн аравдугаар сард АНУ-ын гадаад худалдааны алдагдал сүүлийн 10 жилийнхээ дээд хэмжээнд хүрснийг тус улсын худалдааны яам өчигдөр зарлажээ.

Үүнд АНУ-ын шар буурцагны экспорт буурч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Улмаар энэ нь ерөнхийлөгч Дональд Трампын гадаад худалдааны алдагдлаа бууруулах бодлого үр дүнд хүрэхгүй байгааг харуулсан явдал болжээ.

Өчигдөр гарсан өөр нэг тайланд өгүүлснээр арваннэгдүгээр сард Америкийн ажил олгогчид төсөөлж байснаас бага ажлын байр нэмсэн нь эдийн засагт муу мэдээ болсон байна.

Аравдугаар сарын гадаад худалдааны алдагдал өмнөх сараас 1.7 хувиар нэмэгдэж, $55.5 тэрбумд хүрсэн нь 2008 оны аравдугаар сараас хойшх хамгийн өндөр үзүүлэлт юм. Үүнээс гадна алдагдлын хэмжээ сүүлийн таван сар дараалан өссөн байна.

Хамгийн их алдагдлыг Хятадтай хийсэн худалдаанаас олсон байна. Тухайн сард Хятадтай хийсэн худалдаанаас олсон алдагдал 7.1 хувиар өсөж, $43.1 тэрбумд хүрсэн бол дараа нь Японтой хийсэн худалдааны алдагдал 57 хувь нэмэгдэж, $6.17 тэрбумд хүржээ.

Одоогоор АНУ нь Хятадтай худалдааны дайн өрнүүлж байгаа. Өнгөрсөн долоо хоногт хоёр орны удирдагчид Аргентинд уулзахдаа 90 хоногийн завсарлага авч, энэ хооронд хэлэлцээр хийхээр тохиролцсон.

Гэвч хэд хоногийн өмнө Хятадын Huawei компанийн удирдлагуудын нэг Мэн Ванжоуг Канадад баривчилсан нь Вашингтон-Бээжингийн маргаан гүнзгийрэх эрсдлийг нэмэгдүүлж, хоёр улсын хөрөнгийн зах зээлийг доргиогоод байна.

 

Эх сурвалж: Reuters