Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хуульчид авлигын эсрэг тэмцэж чадах эсэхээ хэлэлцлээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2018 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

"Зарим нэг улстөрчийн хэлж байгаачлан 60 тэрбум болон ЖДҮ хоёр хоорондоо байлдаад байгаа юм биш, намын дотоод зөрчилдөөн ч биш, У.Хүрэлсүх болон М.Энхболд гэдэг хоёр хүний хувийн өс хонзон ч биш.

Авлигын албан бус хүчтэй тогтолцоо албан ёсны хуулийн тогтолцоо хоёрын аль нь дээрээ байх вэ гэдэг л өрсөлдөөн болоод байна” хэмээн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Хууль дээдлэх ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчил” хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм. 

Энэ сарын 9-ний өдөр тохиох Олон улсын авлигын эсрэг өдрийн хүрээнд зохион байгуулагдсан уг хэлэлцүүлэг МУИС-ийн Номын санд өнөөдөр болов. Энэхүү хэлэлцүүлгийн модератороор Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин оролцсон бол Д.Миеэгомбо “Хуульчийн нийгмийн (түүхэн) хариуцлага”, судлаач Х.Номингэрэл “Хууль дээдлэх ёс ба олон нийтийн итгэл”, хуульч Б.Мэргэн “Авлига, ашиг сонирхлын зөрчил ба УИХ-ын гишүүний ёс зүй”, хуульч О.Алтангэрэл “Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх Үндсэн хуулийн боломж”, хуульч Д.Сүнжид “Захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрхээ сэргээх боломж”, сэтгүүлч Д.Батбаяр “Мэдээллийн ил тод байдал ба хэвлэл мэдээллийн эрх чөлөө”, Х.Тэмүүжин “Авлига, ашиг сонирхлын зөрчил, хууль зүйн шинэчлэл” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.   

Сайд нь "Би огцорлоо" гээд бүх юм дуусдаг. Улстөрчид үүнийгээ хариуцлага хүлээж байна гэж эндүүрээд байна

Дээрх сэдвүүд тус бүрдээ өөр өөр агуулгатай боловч өнөөдрийн гол сэдэв болоод буй ЖДҮХС-гийн асуудалтай ямар нэг байдлаар холбогдож байгаа нь албан тушаалтан эрх мэдлээ ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгох нь авлигын нэг хэлбэр гэдгийг улам бүр баталгаажуулсан юм.

О.Алтангэрэл тэргүүтэй хэсэг хуульчид тусгай сангаас зээл авсан нэр бүхий гишүүдийг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа. Гэхдээ хуулийн дагуу ҮХЦ ажлын 50 хоногт багтаан асуудлыг хянан хэлэлцдэг. Шаардлагатай гэвэл дахин 30 хоног сунгадаг. Тиймээс ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг эгүүлэх татах эсэх шийдвэр ирэх оны хоёрдугаар сард гарах магадлалтай байгааг хуульчид хэлж байсан. 

Хэлэлцүүлэгт илтгэл тавьсан зарим хуульчтай товчхон ярилцсанаа хүргэж байна.  

Б.Мэргэн: Гишүүд өөрсдөө ёс зүйтэй юм бол ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ ҮХЦ-д өгөх нь зөв 
 

-ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдэд яагаад хариуцлага тооцож чадахгүй байна вэ? 

-Албаны эрх мэдэл, УИХ-ын гишүүний нэр хүндээ ашиглаад өөртөө болон бусдад давуу байдал бий болгохыг хориглосон хууль үйлчилдэг. Хэрэв үүнийг зөрчих юм бол УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцээд, хариуцлага оногдуулна гэж заасан байдаг. Гэхдээ өмнөх практикуудаас харахад зүгээр л санал дүгнэлтээ УИХ-д оруулж байна гэсэн өгүүлбэртэй дүгнэлт чуулганаар оруулдаг. Яг ямар зүйл оруулаад байгаа нь тодорхойгүй. Үр дүнд нь тухайн бүлгийн даргын юм уу эсвэл УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгөөд гишүүн хэвээрээ үлддэг.

Энэ удаад УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд гишүүнээс эгүүлэн татах үндэслэл байгаа эсэхийг Үндсэн хуулийн цэцэд УИХ өөрсдөө гаргах хууль зүйн боломж байгаа.

Хэрэв Ёс зүйн дэд хороонд байгаа есөн гишүүн өөрсдөө үнэхээр ёс зүйтэй л юм бол хууль зөрчсөн нь тодорхой байгаа гишүүдийг эгүүлэн татах үндэслэлтэй эсэх асуудлаар ҮХЦ-д хандах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа. 

-Ёс зүйн дэд хорооны даргын хэлж буйгаар хуулийн байгууллага ЖДҮХС-тай холбогдсон гишүүдийн гэм  буруутайг тогтоогоогүй учир ёс зүйн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж тайлбарлаад байгаа. Энэ хэр үндэслэлтэй вэ? 

-Ёс зүйн дүрэм дээр хуулийн байгууллага асуудлыг шалгаж байгаа үед Ёс зүйн дэд хороо давхардуулан шалгах ёсгүй гэсэн заалт байдаг. Гэхдээ өнөөдрийн байдлаар 14 гишүүн энэ асуудалтай холбогдоод байна. АТГ-аас 5-6 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн. Хуулийн байгууллагад шалгагдаагүй гишүүдийн ёс зүйн асуудлыг хэлэлцэж болно шүү дээ. 

-УИХ-ын гишүүд уучлал гуйсан. Энэ тохиолдолд ёс зүйн хариуцлага хүлээж байна гэж үзэх үү? 

-Уучлал гуйна гэдэг бол хувь хүний ёс зүйн хүрээнд л яригдах асуудал. Улс төрийн, ёс зүйн, хуулийн ямар ямар хариуцлага хүлээх вэ гэдэг өөр зүйл. Хамгийн сүүлд 2013 онд Ёс зүйн дэд хороо С.Баярцогт гишүүний ёс зүйн асуудлыг хэлэлцээд, тухайн хүн УИХ-ын дэд даргаасаа огцорч, хариуцлага хүлээж буйгаа мэдэгдэж байсан. Одоо бол сайд нь "Би огцорлоо" гээд бүх юм дуусаж байна. Улстөрчид үүнийгээ хариуцлага хүлээж байна гэж эндүүрээд байдаг. Ард түмэн сэтгэл ханаад байдаг. 

Уг нь бол хүлээх ёстой хариуцлагаа л хүлээх ёстой. Эрүүгийн гэмт хэрэг хийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээ. Гэмт хэрэг биш бол улс төрийн хариуцлага хүлээгээд УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгд. Эсвэл ёс зүйн хариуцлага хүлээ. Ямар ч байсан хариуцлага хүлээх ёстой.  

-Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт тус дэд хороо хуралдсан ч ямар нэгэн дүгнэлт гаргахгүй, хариуцлага тооцохгүй гэж мэдэгдэж байсан? 

-Иргэд, хуулийн этгээдээс ямар нэгэн хүсэлт ирэхгүй байгаа учраас Ёс зүйн дэд хороо хуралдахгүй байна гэсэн тайлбар өгч байсан. Ёс зүйн дүрэм дээр дөрвөн үндэслэлээр Ёс зүйн дэд хороо хуралдах ёстойг заасан байдаг. Үүнд:

  • Нэгдүгээрт, иргэн, хуулийн этгээдээс ямар нэгэн хүсэлт ирэх юм бол хуралдана
  • Хоёрдугаарт, тухайн ёс зүйн хорооны гишүүн хүсэлт гаргаж болно
  • Гуравдугаарт, Ёс зүйн дэд хороонд харьяалагддагүй ч гэсэн бусад гишүүдээс хүсэлт гаргаж болно 
  • Дөрөвдүгээрт, тухайн асуудалд холбогдсон гишүүн өөрөө хүсэлт гаргаж болно гэж заасан. 

Дээрх үндэслэлээр хуралдсанаар сануулах, УИХ-ын нэгдсэн чуулганд оролцуулах, УИХ-ын чуулганы дэгийн тухайн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх гэсэн арга хэмжээнүүдийг авна гэсэн байдаг.

Сануулаад яах ч юм байгаа юм. Эдгээрээс хамгийн боломжтой нь сүүлийнх нь. Энэ хуульд юу гэж заасан байдаг вэ гэхээр, УИХ өөрөө тухайн гишүүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх юм бол эгүүлэн татах үндэслэл байна уу гэдэг хүсэлтийг Цэцэд өгч шийдвэрлүүлэх боломжтой. УИХ Үндсэн хуулийн цэцэд хандсан тохиолдолд цэц тэр даруй хэлэлцээд дүгнэлт гаргах ёстой. 

-АТГ-аас улс төрийн хүрээнд авлига газар аваад байгаа талаар мэдээлсэн. Манай одоо мөрдөгдөж байгаа хуулиуд авлигыг "хазаарлаж" чадахгүй байна гэсэн үг үү?

-Асуудлыг шийдвэрлэх хууль, эрх зүйн орчин хангалттай байгаа. Нэг асуудал гарахаар л Үндсэн хууль болохгүй байна, нийгмийн тогтолцоо нь болохгүй байна, сольё гээд эхэлдэг. Яг үнэндээ байгаа хуулийнхаа нөөц бололцоог ашиглахгүй хэрнээ л тийм зүйл яриад байдаг. 

О.Алтангэрэл: Ийм хүмүүс ямар ч шударга хуультай оронд очсон адилхан л хулгай хийнэ 
 

-Авлигатай тэмцэх Үндсэн хуулийн боломж бололцоо нь хэр байгаа гэж харж байна вэ? 

-Үндсэн хуулийн боломж бололцоо байгаа. Хамгийн анх С.Зориг агсныг Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргаж байсан түүх бий. Өнөөдрийн үйл баримт нь тогтоогдсон зүйл дээр Цэц эгүүлэн татах боломжтой. Цэцээс Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргаад, тэрийг нь УИХ хүлээгээд авчих юм бол Монголын төр цаашдаа цэвэршинэ

Яагаад гэвэл гишүүд хууль зөрчихөө болино. Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчим хөндөгдөхөө болино. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн эрх дураараа, халдашгүй эрхийн дор юу ч хийж болдог гэдэг ойлголт тэр үеэс хойш алга болно. 

-Үндсэн хуулийн цэц дээр гол асуудлууд уягдаад байна гэж ойлгож болох уу?

-Цэц дээр хэрэг хянан шийдвэрлэх хугацаа удаан байдгаас шалтгаалаад дараа нь ямар шийдвэр гарсан нь тодорхойгүй үлдээд байдаг. Гэхдээ энэ удаагийнх өөр. ЖДҮХС-тай холбоотой асуудлыг сэтгүүлчид, олон нийтийн байгууллагууд, ард иргэд орхихгүй байна л даа. Тэгэхээр Үндсэн хуулийн цэц ийм тодорхой үйл баримт дээр ямар шийдвэр гаргах вэ гэдгийг харах боломж бүрдээд байна.

-Улстөрчид ЖДҮХС-тай холбогдсон асуудлыг тогтолцооны гажигтай холбоотой гэсэн тайлбар хийж эхэлсэн. Та энэ дээр ямар бодолтой байна вэ? 

-Тогтолцооны гажиг гэдэг зүйлийг би хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ ийм хүмүүс ямар ч шударга сайхан хуультай оронд очоод адилхан л хулгай хийнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа.

Өнөөдөр Монгол Улсын хорих байгууллагад 6,000 гаруй хүн ял эдэлж байна. Тэдний дийлэнх нь хулгай, дээрэм, залилан хийсэн хэргээр шоронд орсон. Гэтэл хэдэн тэрбумаар нь хуулийн дагуу мэтээр харагдуулж хөрөнгө завшсан хүмүүс хариуцлага хүлээхгүй байгаа нь тогтолцоо, хууль тогтоомжийн сул тал гэхээсээ илүүтэй хувь хүнтэй холбоотой гэж бодож байна.