Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

“Их 20”-ын уулзалтын үеэр иргэдээ нийслэлээс гарч явахыг Аргентины засгийн газар уриалжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Аргентины нийслэл Буэнос Айрес хотод Пүрэв гарагт дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 орны удирдагч нар цуглана.

Тэд Баасан гарагаас эхлэн хоёр өдөр үргэлжлэх “Их 20”-ын уулзалтад ирж байгаа юм. Эдгээр өдрүүдэд Буэнос Айресын олон зам талбай хаагдаж, аюулгүй байдал, хамгаалалтыг өндөржүүлэх гэж байна.

Тус улсын засгийн газар Баасан гарагийг бүх нийтийн амралтын өдөр болгож, нийслэлийн оршин суугчдыг хотоос гарч явахыг уриалжээ.

“Долоо хоногийн сүүлээр хотоос гарч амрахыг бид уриалж байна. Пүрэв гарагаас эхлэн явахыг зөвлөж байна. Учир нь энэ өдрөөс эхлэн хотод байх маш хэцүү болно” гэж тус улсын аюулаас хамгаалах яамны сайд Патрисиа Буллрич мэдэгджээ.

Зарим чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоосноор 12 сая оршин суугчтай хотын нөхцөл хүндрэхээр байна. Гэтэл хотод энэ үеэр “Их 20”-ын уулзалтыг эсэргүүцэгчдийн 33 орчим арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.

Буэнос Айрест нийт 22,000 цагдаа, цэрэг хамгаалалтад гарах гэж байна. Аюулгүй байдлаас гадна Саудын Арабын угсаа залгамжлагч, ханхүү Мохаммед Бин Салман энэ уулзалтад оролцохоор болсон нь бас нэг асуудал үүсгэж байгаа юм.

Хөрш Йеменд харгис дайн явуулж, сэтгүүлч Жамал Хашоггийн амийг хөнөөх даалгавар өгсөн гэгдэж байгаа ханхүүг Буэнос Айрест ирмэгц нь саатуулж шалгах хүсэлтийг хүний эрхийн Human Right Watch байгууллага Аргентины прокурорын газарт тавьжээ. Түүнийг дайны гэмт хэрэг, бусдыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутай гэж үзсэн байна.

Хэдийгээр Аргентины шүүх энэ хүсэлтийг хүлээж авахгүй нь тодорхой ч “Их 20”-ын зарим орны удирдагчид ханхүүтэй уулзахаас цэрвэж байгаа юм.

Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Саудын ханхүүтэй уулзах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн. Трамп энэ уулзалтын хамгийн нүсэр багийг дагуулан Буэнос Айрест ирж байна. АНУ-аас нийт 10 нисэх онгоц ирэх ба тэдний заримд нь хуяглагдсан автомашин, нисдэг тэрэг тээвэрлэгдэн ирж байгаа гэнэ.

Бас АНУ-ын аюулгүй байдлын албаны мэргэжилтнүүд Аргентины талтай хамтран ажиллахаар 12 хоногийн өмнө ирээд байгааг эх сурвалж мэдээлжээ.

Саудын Арабын төлөөлөгчид зургаан нисэх онгоцоор ирж хэмжээгээрээ Америкчуудын дараа орох бол Их Британий төлөөлөгчид ганцхан нисэх онгоцтой ирэхээр болсон байна.

 

Эх сурвалж: AFP