Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн томд тооцогдох Оросын мөс зүсэгч хөлөгт гал гарчээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Санкт Петрбург хотод үйлдвэрлэгдэж дуусаагүй байгаа “Виктор Черномырдин” мөс зүсэгч хөлөг онгоцонд өчигдөр гал гарчээ.

Уг аварга хөлөг нь төрөлдөө дэлхийн хамгийн томд тооцогдож байгаа. Хөлгийн дээд тавцанд гарсан гал тоног төхөөрөмжүүд, кабель утаснуудыг ноцтой гэмтээжээ. Галыг унтраахаар 140 гал сөнөөгч ажилласан байна.

Галын улмаас хоёр хүн түлэгдсэний нэгийг нь эмнэлэгт хүргэжээ.

Оросын онцгой байдлын алба түймрийг гуравдугаар зэрэглэлд багтах хэмжээтэй хэмээн үнэлж, 140 орчим гал сөнөөгч, 35 машин техникийг ажиллуулсан байна.

22,000 тонн жинтэй, дизель хөдөлгүүртэй мөс зүсэгчийг 2012 оны арванхоёрдугаар сараас үйлдвэрлэж эхэлсэн ба энэ оны сүүлээр ашиглалтанд оруулах гэж байжээ.

“Виктор Черномырдин” нь атомын бус хөдөлгүүртэй дэлхийн хамгийн хүчирхэг хөлөг гэгдэж байгаа. Нийт таван тавцантай хөлгийн дөрөвт нь тус бүр 300 метр.кв талбай, нийт 1,200 метр.кв талбай түймэрт автжээ.

Сүүлийн сар орчим хугацаанд Оросын аварга том хөлгүүдэд дараалан осол гараад байна.

Саяхан тус улсын цорын ганц нисэх онгоц тээвэрлэгч “Адмирал Кузнецов”-ыг засварлах явцад 80,000 тонн жинтэй ПД-50 хөвөгч тавцан усанд живсэн юм.

Уг ослын үеэр өргөгч цамхаг унахдаа “Адмирал Кузнецов”-ын бөөрөнд цоорхой үүсгэсэн байна. ПД-50-ыг орлох өөр том тавцан байхгүй тул нисэх онгоц тээвэрлэгчийн засвар үйлчилгээ хойшлогдсон юм. Гал түймрийн улмаас "Виктор Черномырдин"-ы нээлт ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.

 

Эх сурвалж: Russia Today, Business Insider