Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Дарханы арьс ширний цогцолборын төслийн бүтээн байгуулалтад Италитай хамтран ажиллах асуудлаар ярилцав

ikon.mn
2018 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Итали Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яам хоорондын улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ром хотноо боллоо.

Уулзалтад оролцсон монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, италийн талын төлөөлөгчдийг Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Манлио Ди Стефано нар тэргүүлэн оролцов.

Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж, италийн талаас Ази, номхон далайн орнуудын газрын захирал Уго Астуто, тус газрын Зүүн өмнөд Ази, Номхон далай, Антарктидын хэлтсийн дарга Пиер Жоржо Алиберти, зөвлөх Габриелэ Де Стефано болон Төрийн нарийн бичгийн даргын ажлын албаны дарга Паола Амадей нар оролцов.

 

Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг сэргээн зохион байгуулж байгаа нь харилцаа, хамтын ажиллагаандаа хоёр талаас үзүүлж буй ач холбогдлын илрэл гэдэгтэй санал нэгдээд цаашдын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд энэ удаагийн уулзалт чухал ач холбогдолтой болж байгааг талууд илэрхийлэв.

Зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол, Италийн харилцааны өнөөгийн төлөв байдалд үнэлэлт дүгнэлт өгч цаашид хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, ялангуяа мал аж ахуйн түүхий эд боловсруулах салбар, хүнсний болон  хөнгөн үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчний салбарт бодит хамтын ажиллагааг бий болгох талаар санал солилцлоо. Ингэхдээ Италийн дэвшилтэт технологийг Монголын түүхий эдтэй хослуулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хамтын ажиллагааны механизмыг бий болгоход хоёр талаас дэмжлэг үзүүлэхийн чухлыг Дэд сайд Б.Батцэцэг онцолж байв.

Түүнчлэн техник-эдийн засгийн үндэслэл бүхий төслийг хамтран хэрэгжүүлэх, тухайлбал Дарханы арьс ширний цогцолборын төслийн бүтээн байгуулалтад италийн талтай хамтран ажиллах асуудлаар ярилцав.

Төлөөлөгчдийн тэргүүн нар ирэх 2020 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтарсан хөтөлбөрийн дагуу тэмдэглэн өнгөрүүлэхээр тохирлоо. Уулзалтаар хоёр талын соёл, боловсрол, спорт болон сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах талаар санал солилцлоо.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам