Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Шинжааны киргизүүд Киргизистаны ерөнхийлөгчөөс тусламж гуйжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хятадын баруун хойд хязгаар болох Шинжаанаас гаралтай хэсэг киргиз үндэстэн Хятадын дахин боловсрол олгох хуаранд хоригдож байгаа ах дүүсээ суллуулахад туслахыг Киргизистаны ерөнхийлөгч Сооронбай Жээнбековоос гуйжээ.

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд илгээсэн ил захидалд Шинжааны хуарангуудад нийт 50,000 орчим киргиз үндэстэн хоригдож байгааг дурдсан байна.

Тэдгээрийн зарим нь хоёр жилээс дээш хугацаагаар гадаад ертөнцөөс бүрэн таслагдаад байгааг захидалд өгүүлжээ. Сүүлийн өдрүүдэд Шинжаанаас дүрвэсэн казах иргэд Алматыд хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж, ах дүүсээ суллуулахад туслахыг Казахстаны болон Өрнөдийн засгийн газруудад уриалаад байна.

НҮБ-аас наймдугаар сард танилцуулсан судалгааны тайланд өгүүлснээр одоо Шинжаанд нэг сая орчим муслим “экстремизмтэй тэмцэх төв”-үүдэд хоригдож байгаа бол дахин хэдэн сая хүн дахин боловсрол олгох хуарангуудад хоригдож байгаа гэжээ.

Хятадын засгийн газар эдгээр төвүүдэд “хорьж, цагдах үйл ажиллагаа” явуулж буй гэх мэдээллийг няцааж байгаа. Бээжингийн мэдэгдэлд эдгээр төвүүдийг Шинжааны иргэдэд мэдлэг, боловсрол олгох, терроризм, шашны экстремист үзлийн аюулыг ойлгуулах зорилготой гэж тайлбарлаж байна.

Одоо Шинжаанд 200,000 орчим киргиз үндэстэн оршин суудгийн дийлэнх нь Киргизистантай хил залгаа Кызылсу-Киргизийн автономит тойрогт амьдардаг.

Энэ бүс нутагт Уйгарууд хамгийн олон тоотой уугуул үндэстэн бол дараа нь Казахууд ордог байна. Мөн Монгол, Дунган, Тажик зэрэг олон үндэстнүүд амьдардаг юм. Харин Хань үндэстнүүд хүн амын тоогоор хоёрдугаарт ордог байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty