Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Украины зарим хэсэгт цэргийн дэглэм тогтоох шийдвэр гарчээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Азовын тэнгисийн боомтыг зорьж явсан гурван хөлөг, тэдгээрт ажиллаж байсан 23 хүнийг нь Оросын тал олзолсны дараа Украины эрх баригчид улс орныхоо зарим хэсэгт цэргийн дэглэм тогтоолоо.

Ерөнхийлөгч Петро Порошенкогийн саналыг Украины хууль тогтоогчид дэмжсэнээр ОХУ-тай хил залгаа зарим бүс нутгуудад арваннэгдүгээр сарын 28-наас эхлэн 30 хоногийн хугацаатай цэргийн дэглэм тогтоох юм.

Ингэснээр засгийн газар тухайн бүс нутгуудад олон нийтийн арга хэмжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хүчээр зохицуулах эрх мэдэлтэй болж байна. 

Ням гарагт болсон хилийн тулгаралт 2014 онд Оросын өөртөө нэгтгэсэн Крымийн хойгийн зүүн эрэгт болсон юм. Украины хөлгүүд рүү Оросын тал гал нээсний дараа тусгай хүчний дайчид эзэлж авжээ. Украины талаас 3-6 хүн шархдсан гэсэн мэдээлэл байна.

Киевийн эрх баригчид уг явдлыг "түрэмгийлэл" гэж нэрлэсэн бол Москва тэднийг ОХУ-ын усан хилийг зөрчсөн гэж буруутгажээ.

 

2014 оноос хойш Украины дорнод хэсэгт Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчид дайтаж байгаа бол Орос, Украин улсууд анх удаа шууд тулгарсан нь энэ юм.

ОХУ-ын үйлдэлд өрнөдийн хэд хэдэн улс харамсаж байгаагаа илэрхийлжээ. Нью Йорк хотноо НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл уг асуудлаар хуралдсан боловч Орос ба Өрнөдийн талуудын зөрчилтэй байр сууринаас шалтгаалан үр дүнд хүрээгүй байна.

Украины парламентын шийдвэрээр Оростой хил залгаа таван муж, Молдовоос тусгаарласан Трансднестртэй хил залгаа хоёр муж, Хар тэнгис, Азовын тэнгисийн эрэг дагуу гурван мужид цэргийн дэглэм тогтоожээ.

Цэргийн дэглэм тогтоох шийдвэрийг Украины 276 хууль тогтоогч дэмжиж, 30 нь эсэргүүцсэн байна.

Ням гарагт Украины байлдааны хоёр хөлөг, нэг чирэгч хөлгийн хамт Крымийн зүүн эргийн Керчийн хоолойгоор нэвтрэх үед Оросын талаас довтолсон юм.

Украины хөлгүүд уг хоолойгоор Азовын тэнгист нэвтэрч, Мариуполь боомтод хүрэхээр явж байжээ. Тэд Оросын хяналтад байдаг хоолойгоор нэвтрэхээсээ өмнө урьдчилан мэдэгдсэн гэж байгаа. Харин Оросын тал тэднийг хил зөрчсөн гэж үзэж байна.

 

Эх сурвалж: BBC